Saturday, September 29, 2012

Фройдын зан чанарын сэтгэл зүй

1. Амны хөндийн үе /Төрөхөөс-1 нас хүртэл/: Залбирлын хариултаа бататгана. 

Энэ үед хүүхдийн цорын ганц харилцагч нь ээж юм. Хүүхдэд ээж нь Бурхан бөгөөд хожим уулзаж учрах дэлхийн бүх хүн билээ. Хүүхэд уйлж ээждээ өөрийн бүх санаа бодлыг илэрхийлдэг. Гэдэс нь өлссөн ч уйлж, баасан ч уйлж, живх нь норсон ч уйлна. Бүх санаа бодлоо уйлахаар орлуулна. Энэ нь "Ээжээ, гэдэс өлсөж байна, хоол өгөөч.", "Ээжээ, живх сольж өгөөч" гэх хүүхдийн санаа бодлын илэрхийлэл бөгөөд "Бурхан минь, гэдэс өлсөж байгаа учраас хоногийн хоолыг минь өгөөч" гэсэн залбиралтай адил юм. Ингэж залбирах болгонд хүүхдийн аманд мөөмний толгой зуугдаж, живх нь солигдоно. Энэ үед ээжийнхээ энгэрт тэврүүлсэн хүүхдийн сэтгэлд "Аанхаа, намайг залбирах болгонд хариулдаг юм байна" гэсэн өөдрөг итгэл байр сууриа баттай эзэлдэг ажээ. Ингэж байрласан бат итгэл 90 нас өнгөрлөө ч арилахгүй. Эсрэгээр хичнээн залбирлаа ч /уйллаа ч/ тохиромжтой хариулт өгөгдөхгүй бол хүүхэд залбирлын талаар сөрөг итгэлтэй болдог байна.



2. Хошногоны амсрын үе /1-3 нас/: Хошногоны амсраас баяр баяслыг мэдэрнэ.  

Хүүхэд бааж шээхээ мэдэж эхлэн, биеийнхээ хошногоны амсар гэдэг эрхтнийг анхаарна. Хүүхэд энэ үед эцэг эхийнхээ харцыг ажиглан бааж, шээж эхэлдэг бөгөөд анх удаагаа бааж шээхээ ялгаж мэддэг болсон үед нь үзүүлэх эцэг эхийн хандлага зан чанарт нь маш их нөлөөлдөг ажээ.
Хүүхэд нь анх удаагаа хөтөвчинд сууж, бааж шээхийг ээж аав нь харахдаа маш их баярлан "Хөөх, манай хүүхэд одоо том болжээ" гэсэн хандлага харуулж, тэвэрвэл, хүүхдийн сэтгэлд "Би ч гэсэн ямар нэгэн юм хийж чадна" гэсэн бие даасан үзэл бүрэлддэг байна.
Гэвч бүх хүүхэд яг адилхан хурдаар өсдөггүй. Тийм учраас бусадтай харьцуулахад хөгжил нь жаахан хоцрох хүүхдийн эцэг эх энэ үед амархан түгшин бэмбэгнэж, бааж шээхээ хэлж мэдэхгүй байгаа хүүхэддээ уурлаж, загнах тохиолдол их бий. Тэгвэл энэ үед хүүхдийн сэтгэл санаа маш тавгүй, эмзэг мэдрэмтгий болдог байна. Энэ бол Фройдын хэлж байгаа хошногоны амсрын үе юм.



3. Бэлгэ эрхтний үе /3-5 нас/ : Анхны хайрыг мэдэрнэ

Энэ насандаа хүүхэд дэлхий дээр мэндлээд, анх удаагаа эсрэг хүйсний хүнээ хайрлахыг мэдрэх бөгөөд анхны хайрын уг туршлага насан турш түүний амьдралыг ноёрхох ажээ. Хүү нь эхийгээ, охин нь аавыгаа анхны хайрын эзнээ болгож хайраа өсгөдөг. Тэгвэл бидний санадаг анхны хайр нь үнэндээ хоёрдахь гэж болох юм.
Эхлээд хүүгийн тохиолдлыг авч үзье. Эхийгээ хайрлах хүүгийн өрсөлдөгч нь аав юм. Ээжийгээ дундаа оруулаад эцэгтэйгээ гурвалжин харилцаанд орсон хүү эхийгээ ганцаар эзэмшхийг хүсэвч үргэлж өрсөлдөгч аавдаа булаалгаж орхино. Хүү аавдаа дургүй. Гэвч аавдаа дайсагнахаар хүч өөрт нь байхгүйг сайн мэднэ.
Өөрөө зөвхөн сэтгэл дотроо эхийгээ хайрлаж байхад аав нь баатарлагаар эзэмшинэ. Аавынх нь хэлэх нэг үгэнд ээж нь яаж ч чадахгүй. Аав нь хүсвэл хэзээ ч хамаагүй ээжийг нь хөдөлгөнө. Энэ үед хүү "Би ч гэсэн аав шигээ хүн болвол ээжийнхээ хайрыг эзэмшиж чадна" хэмээн бодож, аавыгаа хуулбарлан, дуурайж эхэлнэ. Зориглон эсэргүүцэж чадахгүй хүнээ хуулбарлан дуурайдаг нь хүний төрөлх шинж юм.
Хүү эр хүн эмэгтэй хүнд яаж хандаж, нөхөр нь эхнэртээ яаж хандаж, ямаршуухан байгааг ааваасаа харж хуулбарлан дуурайхдаа оюун ухаандаа биш цээжиндээ хүлээн авдаг. Цээжиндээ хүлээж авсан энэ сэтгэгдэл далд ухамсар дотор гүнзгий сууж, хүүгийн хүрээг бүрдүүлэх бөгөөд энэ нь насан турш өөрчлөгддөггүй ажээ. Түүгээр ч зогсохгүй энэ насандаа ээжийнхээ аавтай нь харьцаж байгаа үйл хөдөлгөөн, арга барилыг ч далд ухамсрынхаа ой санамжинд тэр хэвээр нь оруулдаг байна.
Энэ санамжинд орсон мэдээлэл хадгалагдаж байгаад гэрлэсний дараа ажиллаж эхэлнэ. Тиймээс гэрлэхээс өмнө илэрхийлэх эр хүний хайрыг жинхэнэ гэж харах аргагүй. Гэрлэсний дараа л түүний жинхэнэ байдал ил гардаг. Тиймээс номхон хонь гэж бодоод гэрлэсэн эр аймшигт чоно болон гэнэт өөрчлөгдөх тохиолдол ч байдаг билээ.
Энэ удаад охиныг авч үзье. Охины анхны хайр эцэг нь юм. Аавыгаа эсрэг хүйсний хүнийх нь хувьд хайрладаг учраас ээж нь өрсөлдөгч ажээ. Охин бас энэ насандаа ээжийнхээ аавд нь яаж хандаж байгааг харж, эхнэр хүн нөхөртөө ямар байна, эмэгтэй хүн эр хүнд хэрхэн ханддагийг тэр чигээр нь хуулбарлан дуурайна. Түүнчлэн аавынхаа үйлдлээр эрэгтэй хүн эмэгтэй хүнд хэрхэн хандаж байгааг цээжин доторх санамжиндаа оруулах ажээ. Хүүтэй яг адилхан энэ хуурцаг ч бас гэрлэсний дараагаас эргэлдэн ажиллаж эхэлнэ. Гэрлэхээсээ өмнө маш ялдам, зөөлөн байсан эмэгтэй гэрлэсний дараахнаас аймшигт мануул болж хувирах нь үүнээс болж байгаа юм. Энэ бол эр эмийн барилдлага билээ.

Жон Тэ Ги - "Шархалсан зүрхний эдгэрэл" номноос.



No comments:

Post a Comment