Saturday, September 8, 2012

Гашуун үндэс-1

Гашуун үндэс гэж юу вэ?

Бид зүрх сэтгэлдээ шарх авах үед, бусдад гомдох үед бидний дотор гашуун үндэс бий болдог байна. Амьдралдаа хагацал, зовлон, гомдол, хүнд хэцүү байдлыг амсан туулаагүй хүн ховор буйзаа. Тэрхүү гомдол цөхрөлийг зөв цэгцлээгүйгээс бидний дотор гашуун үндэс бий болдог. Гашуун үндсийг сугалан гаргахгүй бол тэр нь бидний бусадтай харилцах харилцааг нурааж байдаг. Мөн бидний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг байна. Гашуун үндэс тээж яваа хүн бусдад хор хөнөөл учруулж, бусдад ч муугаар нөлөөлж байдаг. Ингэснээр тэд өөрсдийгөө бусад хүмүүсээс тусгаарлаж байдаг. Мөн гашуун үндсийг сугалахаас нааш үргэлж найдваргүй, гутранги байдлаар амьдардаг байна.



Цэцэг маш олон салаа үндэстэй байдгийг та бүхэн мэдэх билээ. Тэр дунд муудсан үндэс байвал цэцэг сайхан ургаж гоё цэцэг дэлгэрэхгүй юм. Харин тэр муудсан үндсийг тайрч авбал маш сайхан ургаж, маш гоё цэцэг дэлгэрдэг. Бид ч гэсэн ялгаагүй, өөрсдийн гашуун үндсээ сугалан хаяхгүй бол бид цааш өсөх, төлөвших, хөгжихөд саад болдог.



Гашуун үндсээ хэрхэн мэдэх вэ?

Гашуун үндэс нь тухайн хүний авсан шархнаас үүдэн гардаг. Ямар төрлийн шарх авсан бэ гэдгээс хамаараад гашуун үндэс илрэн гарах хэлбэр өөр өөр байна. Ямар нэгэн үйл явдлаас болж таны сэтгэл өвдөж, уур тань хүрч, ихээр гомдож байвал тэр үйл явдал өмнө нь болж байсан явдал гэсэн үг.
Гашуун үндсийн талаар илүү тодорхой болгож өгөхийн тулд хэд хэдэн жишээг та бүхэнд хуваалцья.



Үгүйсгэлийн шарх

Нэгэн удаа хагас сайн өдөр цуглаан дээрээ бүтэн сайны магтаалын бэлтгэл хийгээд байж байлаа. Дууны үг бэлдэж байхад нь би хажууд нь байсан юм. Би монгол хэлний хичээлдээ сайн байсан болохоор үг үсгийн алдаа харагдвал анддаггүй байлаа. Нэг үгийг буруу бичсэн байхад нь, ингэж бичдэг юм гээд засаад өгтөл зөв юм уу? гээд үл итгэсэн байдалтай над руу болон хүмүүс рүү харлаа. Би ч дотроо бухимдаж эхлэв. Ингэж бичдэг юмаа, би мэдэж байна гээд би бухимдангүй байдлаар хэлэв. Харин ашгүй, миний хэлснээр хийлээ. Хэрэв миний хэлсэнээр хийлгүй миний хэлсэн зүйлийг үгүйсгэсэн бол би тэр хүнд дургүй болоход бэлэн байлаа.
Иймэрхүү зүйл хүн болгонд л тохиолддог. Гэтэл яагаад бухимдалгүйгээр зүгээр хэлчихэж болоогүй юм болоо?. Гашуун үндэс ингэж илэрдэг. Тэгвэл хаанаас, юунаас шарх авч гашуун үндэстэй болсноо тодруулах хэрэгтэй.
Намайг эхийн хэвлийд 5 сартай байхад эцгийн маань сэтгэл хувирч, ээж бид хоёрыг тоохоо больсон юм. Би ээжийнхээ хэвлийд байхдаа л аавдаа хаягдсан. Хүний ёсоор хүлээн авагдаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй, үгүйсгэгдсэн гэсэн үг юм. Түүнээс үүдэн би үгүйсгэлийн шархтай болсон. Үгүйсгэлийн шарх илрэн гарах хэлбэр нь надад үл итгэх, намайг үл тоох, гадуурхах үед түүнийг маш хүндээр тусган авч, уурлаж бухимдах, гомдох, сэтгэлээр унах, бусдаас харилцаагаа таслах хэлбэрээр илэрдэг.
Анх эцэгтээ гологдон хаягдсан, хайрлуулаагүй байдал нь миний дотор гашуун үндсийг бий болгосон байна.



Хүчирхийллийн шарх

Тэрийг тэгээч, энийг ингээч хэмээн аашлах хүмүүсийн дэргэд байх үедээ би үнэхээр тэвчээрээ баран бухимддаг байлаа. Намайг зандран, тушааж, захиргаадсан хүмүүстэй би өөрийн мэдэлгүй эсэргүүцэл үзүүлэн тэмцдэг байсан юм. Хэлсэн үгнээс нь хэргээр зөрнө. Яагаад гэвэл "Намайг захиргааддаг энэ хэн бэ?" "Чамаар тэгж ч дарлуулахгүй шүү" гэсэн бодол дотор минь байдаг байлаа. Намайг жоохон л дарлаж дээрэлхэж байгаа юм шиг мэдрэмж төрөх үед би рефлексээрээ  эсэргүүцэл үзүүлнэ. Уурлана, бухимдана, стресстэнэ.
Мөн хүүхдээ загнан, зодож, уйлуулж байгаа эцэг эхтэй тааралдвал эгээтэй дэргэд нь очоод "Чи яагаад хүүхэд зодоод, загнаад байна?" гээд хэлчих шахдаг байлаа. Тийм эцэг эхийг харахаар уур хүрч, бухимдан тэднийг үзэн ядна. Нэгэн удаа гадуур сайхан алхаад явж байтал нэг ээж хүүхдээ зандран, уурлан загнаж байлаа. Хүүхэд нь чанга орилон хашгичин уйлах нь намайг тавгүйтүүлнэ. Тайвгүйрхэж, бухимдсан би очоод "Чи хүүхэд битгий уйлуулаад байгаач, чи эх хүн юм уу?, чам шиг эх хүн гэж юу байдаг юм уу?, адгийн амьтан минь" гэж хэлье гэсэн бодол төрлөө. Тэгтэл гэнэт "Би чинь юу болж байнаа, танихгүй хүний хүүхдээ загнах надад ямар хамаа байнаа, тэгээд ч намайг очоод үг хэлвэл "Чамд хамаагүй, энэ чинь миний хүүхэд" гэж хэлэх болно шүү дээ" гэж бодлоо.
Бас нэгэн удаа цуглааны маань нэг хүн хүүхдээ миний хажууд загналаа. Хүүхэд нь уйлаад л, ээж нь хүүхдээ "дахиж тэгэхгүй гэж хэл" гээд л загнаад байх юм. Би тэр хүүхдийг хурдхан уйлахыг нь л болиулахыг хүсч байлаа. Тэгээд давчидаж тавгүйрхсэн би тэр хүүхдэд "Дахиж тэгэхгүй тэ?, дахиж тэгэхгүй гээд хэлчих" гээд л аргадаж гарлаа. Хүүхэд нь тэгээд хэлчихвэл ээж нь хүүхдээ загнаж, уурлахаа болих байх гэж найдсандаа би ч үзэж тарна. Ашгүй ээж хүү Хоёр эвлэрлээ. Би ч тайвшраад явчихав.
Үүний үндэс нь юу вэ?
Үүний үндэс нь юу болохыг би сайн мэдэж байлаа. Энэ бол бага наснаасаа зодуулж, загнуулж, уйлж өссөн миний хүүхэд нас байсан юм. Хүүхдийн хэнгэнэн уйлах дууг сонсох болгонд миний дотор тавгүйрхэж, гуниг төрнө. Учир нь тэр дуу миний дотор байгаа танил дуу хоолой байсан. Тэр танил дуу хоолой бол миний уйлж буй чимээ.
Нэгэн удаа дүү маань гаднаас их л ууртай орж ирээд "Би ууртай байна. Тийм учраас хэн ч надтай юм битгий ярь" гэж хэлээд өрөөрүүгээ явж байтал манай ахын гурван настай хүү нь "Аниа" гээд гүйгээд очтол дүү маань "Би ууртай байна гэж хэлээ биздээ" гээд ахын хүүг загнаж орхив. Гэнэт ахын хүү чанга гэгч нь уйлаад явчихав. Энэ үйл явдлыг би нүдээр харалгүй, өөр өрөөнөөс сонсож байсан болохоор дүү маань 3 настай хүүхдэд уурлаад, зодоод уйлуулчихав уу даа гэж бодоод, ахын гурван настай хүү дээр очоод "Одгоо аниа нь чамайг яасан, за аниадаа хэлчих, чамайг яг яасан?" гэж асуутал, уйлангаа "Намайг загнасан" гэж хэллээ. Тэр үйл явдал миний ой санаанд орж ирэх үед би нэг зүйлийг ойлгосон юм. Тэр юу вэ гэвэл, "Би гурван настай хүүхэд" юм байна.
Намайг загнаж, надад уурлан, зандчих үед би яг л тэр гурван настай хүүхэд шиг дотроо "Намайг загнасан" гээд уйлж байдаг. Харин гаднаа уурладаг. Тэгээд үр дүнд нь би тэр хүнд дургүй болдог. Тэр ахын маань гурван настай хүүд нь бас хүчирхийллийн шарх байдаг юм байна гэдгийг бас мэдэж авсан юм. Тэр ах маань багаасаа биднийг зоддог байсан, мөн гэр бүлтэй болоод эхнэр хүүхдээ хүртэл зоддог болсон юм. Нэгэн удаа тэр гурван настай хүүд эмээ нь тоглоомоор "Өвөө нь эмээг нь зодсон, ий ий ий" гэж хэлээд уйлж байгаа дүр үзүүлтэл их хурдан өвөө рүүгээ гүйж очсоноо өвөөгөө өшиглөж орхисон юм. Уг нь өвөөдөө амь байдаг өвөөгийн хайртай ач. Гэтэл шарх нь хөндөгдөхөд тэр хайр нь үгүй болсон юм. Гашуун үндэс гэж ийм л хүчтэй хор байдаг юм байна.  




Үгний шарх

"Тэнэг" гэдэг үг
Арван жилд байхдаа нэгэн удаа байрныхаа гадаа тоглож байхад марзаганан алиалан тоглож байгаа намайг харсан нэг охин "Тэнэг байхаа" гэж хэлсэн юм. Тэр үгийг сонсоод би тэр үгийг маш хүндээр хүлээн авч, түүнээс хойш олон хүмүүсийн дунд марзаганан алиалахаа больсон. Тухайн үед тэр үгийг хүндээр тусган авах болсон шалтгаан нь ээж маань намайг багаас минь "тэнэг хүний хүүхэд, мэдрэл хүний хүүхэд" гэж их хэлдэг байсантай холбоотой байх. Тэнэг гэдэг үгийг сонсоод маш хүндээр тусгаж авсан би дахиж хүмүүсээр тэнэг гэж хэлүүлэхгүйн тулд өөрийгөө бусдаас холдуулж, хаалттай, дуугүй хүн болж хувирсан.

"Чам шиг хүн чадахгүй" гэдэг үг
Хэдэн жилийн өмнө би библийн сургуульд орохоор ярилцлаганд орсон юм. Тэр ярилцлаган дээр библийн сургуулийн захирал нь надаас "Чиний мөрөөдөл юу вэ?" гэж асуулаа. Би хариуд нь "Би англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Тийм болохоор би номлол орчуулах юмсан гэж мөрөөддөг" гэж хэллээ. Тэр захирал хариуд нь надад "Чам шиг хүн чадах юм уу?" гэж асуусан юм. Энэ ярилцлагын дараа би тэр библийн сургуульд орохгүй гэсэн шийдвэр гаргасан. Чам шиг хүн чадахгүй гэдэг үгийг би их хүндээр тусгаж авсан нь ээж маань багаас минь надад "Чам шиг хүн чадахгүй" гэж их хэлдэг байсан. Түүнтэй холбоотой байх. Тэр үгнээс болоод би өөртөө итгэлгүй, идэвхигүй хүн болон хувирсан байна. Анх библи уншиж эхэлж байхад библи дээрхи ишлэлүүдийг уншихаар Бурхан намайг пастор бол гээд байгаа юм байхдаа гэж боддог байж билээ. Харин би дотроо "Над шиг хүн чадахгүй" гэж хэлдэг байлаа.



Удирдагчдаа гомдсон шарх

Би өөрийнхөө нэг зүйлийг анзаарсан нь удирдагчдад их шүүмжлэлтэй ханддаг байдал байлаа. Ялангуяа удирдагч хүн алдаа гаргахыг тэвчдэггүй байдал. Миний явж байсан нэг цуглааны удирдагч нь хүнд өвдсөнөөс болоод удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн юм. Би яг тэр үеэр нь тэр цуглаанд явж эхэлсэн юм. Албан ёсны удирдагч гэж байхгүй, түр хариуцаж байгаа нэг солонгос авралын зар тараагч байсан. Цуглаанаар дүүрэн асуудал. Гэтэл энэ удирдагчид юу хийгээд байнаа? гэсэн бодол намайг байнга эзэмдэнэ. Тэр түр хариуцаж байгаа удирдагчид би дургүй боллоо. Дотроо тэр хүнийг шүүмжилж бодно. "Хэдийгээр түр хугацаагаар ч гэсэн, хариуцаж авчихаад бүрэн зүрх сэтгэлээ зориулдаггүй, муу удирдагч." гэсэн бодол тээн "Тэр хүний зааж буй сургааль нь хүртэл чанар муутай, чадваргүй удирдагч гэдгийг нь илтгэж байна" гээд л шүүж өгнө дөө. Монголд байхдаа ч гэсэн ямар нэгэн алдаа гаргах нь уу хэмээн удирдагчдаас өө хайдаг байлаа.
Удирдагчдаа гомдсон шарх юунаас болж гашуун үндэстэй болсныг мэдэхээр цааш нь үргэлжлүүлье.
Солонгост ажиллахаар хэдэн жилийн өмнө очиж байлаа. Гадаад оронд анх удаа ирээд, хүний нутагт ажиллаж амьдарна гэдэг миний хувьд нэгэн том алхам байлаа. Соёлын ялгаа, мөн таниж мэдэхгүй хүмүүстэй хамт зохицож амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш байлаа. Ялангуяа хамт ажиллаж амьдардаг хүмүүстэйгээ хэрхэн харьцах вэ гэдэг толгой өвтгөсөн асуудлын нэг байлаа. Хуучин байсан хүмүүс нь намайг дээрэлхэж, дарлах гэж оролдоно. Надад л тийм мэдрэмж төрдөг байсан юм. Энэ хэцүү зовлонгоо хэрхэн даван туулах вэ хэмээн тусламж гуйн нэг удаа Монголд байхдаа явдаг байсан эсийн бүлгийн ахлагчаасаа тусламж гуйлаа. Надад зөвлөгөө өгч чадахгүй юмаа гэхэд ядаж миний төлөө залбирах байх гэсэн найдвар өвөрлөн тусламж гуйлаа, асуулаа. "Хамт амьдардаг охидуудтайгаа хамт байхад үнэхээр хэцүү байна, би яавал дээр вэ?" гэсэн асуултанд "Яг юу нь болохгүй байна?" гэж эргүүлэн асуув. Тэгэхээр нь би эхнээс нь ярьж эхэлж байтал их л төвөгшөөсөн байдалтай "За за, чи Солонгост, би Монголд байгаа. Чи наанаа байгаараа наад учраа өөрөө ол" гэж хэллээ. Миний дотор гомдол бий болов. Өөрийнхөө дотор "Миний удирдагч" гэж бодож явсан хүнээ би сэтгэл дотроосоо хусаж арилгалаа. Тэр мөчөөс би тэр хүнд дургүй болов. Түүнийг гомдоох үг хэлэх нь надад тийм ч тороод байх зүйл биш болов. Нэг удаа надтай утсаар яриад дуусахдаа "Хайртай шүү" гэж хэлэхэд нь золтой л "Битгий хуц" гээд хэлчихээгүй. Тэрхүү үйл явдлаас үүдэн би удирдагчдаа гомдсон шархтай болсон гэж тэр хүнийг буруутган бодож байлаа. Гэтэл энэ шарх бүр эрт намайг эхийнхээ хэвлийд байхад л авсан шарх байсан юм. Миний хамгийн анх гомдсон удирдагч бол миний төрсөн эцэг байлаа. Тэр хүн ээжийг жирэмсэн байхад буюу намайг эхийнхээ хэвлийд 5 сартай байхад эцгийн үүрэг хариуцлагаа умартан ээж бид хоёрыг хаясан муу удирдагч. Нөхрийн үүрэг, эцгийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, хариуцлагагүй удирдагч.



Хардалт

Хардалт ч гэсэн гомдлоос үүдэлтэй гашуун үндэс юм. Нэгэн найзынхаа жишээг хуваалцья. Найз охинтойгоо хамт байхдаа хэн нэгэн залуу найз охинтой нь яриа хөөрөө үүсгэхэд дургүйцэн уурлана. Нэгэн удаа найз охин нь өөр залуутай ажлын шугамаар уулзан зогсож байгааг харсан тэр найзын маань нүд нь улаанаар эргэлдэн, аймшигтайгаар уурлан, тэр хүнийг зодох гэж дайрах нь тэр. Тэр найзынхаа гашуун үндэстэй болсон шалтгааныг "Найз охин нь хуурсанаас болсон уу?" хэмээн асуухад, "Одоогийн найз охин нь биш, өмнө нь үерхэж байсан охин өөрийг нь хуурсанаас болоод их гомдож байсан" тухайгаа ярьсан юм.



Гашуун үндэс гэдэг бид өөрсдийн гомдол, шархаа зөв цэгцлээгүйгээс болоод бидний сэтгэлд он цагийг туулан, бидний дотор хогийн ургамал мэт үүрээ засан биднийг, бидний харилцааг, бидний эргэн тойрон байгаа хүмүүсийг эвдэж, сүйтгэж байдаг ажээ.

2 comments:

  1. Яг загатнасан газар маажих шиг хэрэгтэй сэдвийг хөндөж байгаад талархаж байна.Өнөөдөр Монголоор маань дүүрэн эдгэрэл хэрэгтэй хүмүүс байна. Хар яр хийсэн харьцаатай удирдагч нар,хэдэр ядар худалдагч нар,гутарсан гундсан өөртөө итгэлгүй залуучууд... Хамтдаа тэднийг эрүүлжүүлэхийн төлөө үйлчилцгээе. Бурхан энэ үйлчлэлийг тань ерөөх болтугай.

    ReplyDelete