Saturday, September 29, 2012

Нууцлагдсан шарх эдгэрсний долоон үр дүн

Нэгдүгээрт өөрийгөө хэн болохыг ухаарна

Өөрийгөө хэн болохыг мэдэхгүй хүнд өөрчлөлт, өсөлт гэж байхгүй. Өөөийгөө хэн болохыг мэддэггүй хүнийг далайн гүнд хаашаа чиглэн явах ёстойгоо үл мэдэх усан онгоцтой зүйрлэж болох юм. Өөрийгөө хэн болохыг мэдэхгүй хүн ямар ч ажлыг хийсэн үргэлж тогтворгүй байдаг. Гэр бүлийн асуудал нь тайлагдахгүй, албан ажлынх нь хэрэг явдал ээдрээтэй хэцүү болсон ч яагаад тэгж байгааг мэдэхгүй учраас тэвдэн сандарч, бусдад хариуцлагыг тохдог юм. Эдгэрэл нь өнөөг хүртэл би ямар замаар алхаж ирсэн, одоо хаана зогсож байгаагаа тодорхой харж, дараа нь хаашаа явахад шийдэхэд тусалдаг. Дахин хэлэхэд эдгэрлийн үе шатаар дамжин өнөөг хүртэл намайг өвтгөсөн харанхуйн хүчин зүйлийг олж харах болно гэсэн үг юм. Тэгвэл энэ үеийг хүртэл харанхуй дундуур тэнүүчлэхээс өөр аргагүй байснаа ухаарна. Намайг харанхуйд тэнүүчлэхэд хүргэж, хүсээгүй чиглэл рүү чиглэн давхисан далд ухамсар доторх жолоочийг олж харах мөчид тэрхүү харанхуйн жолоочид амьдралаа цаашид даатгахаа болино.Тэр "би"-тэй хамт миний амьдралд нар мандах юм. Эдгэрсэн олон хүн "Өнөөг хүртэл харанхуйд амьдарч ирсэн минь дэндүү хайран байна." гэж өчдөг билээ.



Хоёрдугаарт бусдыг ойлгож эхэлнэ

Зүрх сэтгэлийн шарх нь эдгэрсэн хүмүүийн нийтлэг зүйл бол урьдынхаас өөрөөр хүмүүсийг харж эхэлдэг.
Шарх нь эдгэрэхээс өмнө өөрийг нь зовоох хүнээс болж бусадтай харилцахдаа үргэлж айдаг байсан эмэгтэй эдгэрлийн үе шатаар дамжсаны дараа нөгөө хүнийхээ сэтгэлийг ойлгодог болжээ. Түүнийг зовоох хадам эхийнхээ байр суурин дээр зогсож нэг үзэн, зүрхэнд хуралдсан шархны зангилааг олж харсан байна. Тийм шархнаас болоод хадам эхэд маань балчир хүүхэд мэт ухралт үзэгддэг байжээ гэдгийг мэдвэл дараа нь хадам эхээ харахаар л сэдрэх өвчилсөн уур хилэн сарниж, оронд нь ойлгох өрөвч сэтгэл бий болжээ.
Эдгэрлийн туршлага байхгүй, эсвэл эдгэрлийн үе шатаар дамжсан хоёр хүн уур нь хүрсэн тохилдолд өөр өөр хандлага гаргадаг. Эхнийх нь уураа дарж чадахгүй, шаналан тарчилдаг бол эдгэрсэн хүн "Тэр хүнд ямар учир явдал байгаа болоод ийм үйлдэл гаргахаас өөр аргагүй байгаа юм болоо?" гэж бодон, ойлгохоор хичээнэ. Бусдыг ойлгодог болсон үед зүрх сэтгэлийн уур хилэн тэр хэмжээгээр багасаж, уур хилэн сулрахын хэрээр амин энерги хий дэмий цацагдахгүй, бүтээлч энерги болон өөрчлөгдөж, чадах юм. Уур хилэн рүү шилжин шингэх амин энергээсээ болж үй олон хүн өвчлөн үхэж байгааг өнөөгийн анагаах ухаан нотолж байгаа билээ.

Гуравдугаарт гэр бүл сэргэнэ

Эдгэрлийн үеэр уулзсан олон хүний шарх нь гэр бүлээс эхэлсэн байдаг. Шарх нь ганхаж байгаа гэр бүл, ганхаж байгаа эцэг эхийн доор өссөн хүмүүсээс тод харагддаг үзэгдэл юм. Ганхаж байгаа гэр бүлээс болж шархалсан хүүхдүүд шилжилтийн насанд очвол тэр хүү, тэр охины ертөнц асуудалтай болж, асуудалтай хүү, асуудалтай охины гэр бүл болоод очих гэр бүл, ажлын газар, нийгмийн аль ч байгууллагад уур хилэн, хагарал зөрчил нахиалдаг. Гэр бүлээс эхэлсэн асуудал нийгмийн, улс төрийн, боловсрол хүмүүжлийн, цаашлаад шашны асуудал болдог байна.
Зүрх сэтгэлийн нуугдсан шарх эдгэрэх үе шатыг ажиглан харвал ихэнх хүмүүсийн асуудал өсөж том болох явцад эхэлж, Ихэвчлэн эцэг эхтэйгээ харилцах харилцаанаас үүддэгийг мэдэж болно. Харин эдгэрлийн үе шатаар дамжин одоо байгаа гэр бүлээ ойлгож эхэлвэл эхнэр, нөхрийн өнөөгийн харилцаа үр хүүхдүүдэд нь ямар нөлөө үзүүлж байгаа нь харагдан, хичнээн хэцүү амьдарч байсан нь харагдах болно. Үүнийг ухаарсан олон эцэг, эх хүүхдүүдийнхээ өмнө өвдөг сөгдөн, чангаар уйлж, уучлалт гуйж буйг байнга харж болох юм. Хүүхдүүдээ шархлуулах эцэг, эх тэднийг хожим аз жаргалтай амьдрахыг найдахгүй байсан ч болно. Харин зүрх сэтгэлийн шарх эдгэрсний үр дүн нь гэр бүл сэргэн, аз жаргалтай гэр бүл болон өөрчлөгдөх явдал юм.
Сонирхолтой нь хоньчны шарх эдгэрвэл, хоньчны гэр бүл өөрчлөгдөж, номлол нь сэргэж, чуулган нь тэр чигээрээ сэргэдэг ажээ.



Дөрөвдүгээрт эрүүл сүнсийг олж авна

Зүрх сэтгэлийг уур хилэн аажмаар намжвал, хайр харьцангүй ихэсдэг. Уур хилэн оволзож байгаа зүрхэн дотор сүнслэг байдал оршиж чадахгүй. Энэ нь уурлан хилэгнэж байгаа зүрх сэтгэлд Эзэн орших газар байхгүйтэй адил юм. Шарх эдгэрэх үед уур хилэнт зүрх, хайрлан ойлгодог зүрх сэтгэл болон өөрчлөгддөг. Тиймээс эдгэрсэн зүрх сэтгэлээр дамжуулан Бурхан гайхамшигт ажлуудыг хийдэг юм.

Тавдугаарт оюун ухамсрын эрүүл байдал бий болдог

Шарх нь эдгээгүй зүрх сэтгэл эмх цэгцгүй, сул байдаг. Сул, цэгцгүй, хуваагдмал зүрх сэтгэлээс тодорхой түвшнээс дээших бүтээлч санаачлага, хүч чадлыг найдан хүлээх хэрэгггүй юм. Харин шарх нь эдгэрсний дараа сул, цэгцгүй, олон хэсэгт хуваагдсан зүрх сэтгэл нь нэг тийш төвлөрөх үзэгдэл явагддаг. Түүнтэй хамт бүтээлч санаачлага ч дээшилнэ. Зүрх сэтгэлийн шарх эдгэрсний дараа хийж буй ажил сайн болдог нь ийм үндэстэй юм.

Зургаадугаарт махан бие эрүүлждэг

Махан биеийн өвчин ихэнхдээ сэтгэлээс үүдэлтэй байдаг талаар өнөөгийн анагаах ухаанд ч хүчтэй яригдаж байгаа билээ. Махан биеийн шарх нь сэтгэлийн шархаа удаан хугацаанд өсгөн, гаргаж ирсний үр дүн ажээ. Энгийн жишээ хэлэхэд ихэнх хорт хавдар доод тал нь 3, дээд тал нь 10 жилийн өмнөх сэтгэлийн шархаас үүдэлтэй байдаг гэх анагаах ухааны тайлан байдаг. Зарим хорт хавдар сэтгэлийн шарх эдгэрэх үед хамт эдгэрэх тохиолдол ч байдаг. Сэтгэлийн шарх эдгэрэхэд биеийн өвчин хамт эдгэрсэн жишээтэй олон тааралдаж байсан билээ. Сэтгэлийн шархыг эмчлэх нь биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой.

Долоодугаарт сэтгэлийн шарх нь эдгэрсэн хүн өөрөө эмчлэгч болдог

Өсвөр насандаа амссан сэтгэлийн шархнаас болоод харанхуй ертөнцөд амьдарч байгаа хүн олон бий. Тэд эдгэрлийн үе шатыг туулахдаа шинэ ертөнцийг харж, харанхуйгаас ангижран, шинэ амьдралы амсана. Эдгэрсэн хүн сэтгэлийнхээ шархнаас болоод зовж байгаа хүмүүсийг харж, өөрийн өнгөрсөн үеийн өвчин зовлонг ижилхэн мэдрэхдээ, аажмаар тэдэнд туслан, эмчлэгч болж өөрчлөгддөг. Шарх нь эмчлэгдэж, шинэ амьдралыг амссан ямар ч хүн эмчлэгч болох ерөөлийг авдаг. Бурхан түүнийг эмчлэгчээр хэрэглэхээсээ хэзээ ч дургүйцэхгүй.

Жон Тэ Ги-"Нууцлагдсан шархны эдгэрэл" - номноос.

No comments:

Post a Comment