Saturday, October 27, 2012

Бид ямар хүнд дурладаг вэ?

Бид хэнд ч хамаагүй дурладаггүй. Бидний сонголт маш гүн гүнзгий өвөрмөц шинжтэй байдаг. Бид яагаад олны дундаас "Тэр нэгэн"-д дурладаг вэ?
Гол төлөв бид ижил үндэс угсаа, нийгэм эдийн засгийн байр суурьтай хүмүүст дурладаг болох нь судалгаагаар батлагдсан. Нас, оюун ухааны түвшин, боловсролын түвшин, сонирхол, гаднах үзэмж гэх мэт. Гэхдээ тантай ижил түвшний 40 хүн байгаа өрөөнд та орлоо гэж бодъё. Мэдээж та бүгдэнд нь дурлахгүй. Бид чухамдаа яаж хайртыгаа сонгодог юм бол?
Бидний сонголтонд нөлөөлдөг тоо томшгүй хүчнүүдийн нэг бол бидний бага наснаас маань ухамсаргүйгээр бүрэлдсэн зан чанарууд байдаг. Эхийн тань хурц ухаан, аавын тань спорт, улс төрийн сонирхол, ах эгчийн тань дуртай, дургүй зүйлс, багш, найз нарын тань үнэт зүйлс, мэдээллийн хэрэгслээр авсан мэдээлэл, бага насны мөн насанд хүрсэн үеийн бүх туршлага таны идеал найз залуу/бүсгүйн хэв загварыг бий болгож, дахин хэлбэржүүлж байдаг.
Өсвөр насны үе гэхэд бидний сэтгэлийг татах зан чанар, төрх байдал, хандлага, хүмүүжил, хэв маягийн жагсаалт бий болчихсон байдаг. Хэн нэгэн гарч ирж, бидний "хайрын газрын зураг"-т орж ирмэгц тархины холбоосууд ажиллаж, янз бүрийн химийн урвал явагдаж, хайж байсан яг тэр хүн мөн гэсэн дохио өгдөг. Бага насны туршлага, амьдралын түвшин, үнэт зүйл, гадаад үзэмж зэргээс гадна бидний сонголтонд нөлөөлөх хүчин зүйлс олон байдаг.
Өөр нэг хүчин зүйл бол биологи: Эмэгтэйчүүд ухамсаргүйгээр өөрийн дархлалын системээс өөр эрчүүдэд илүү татагддаг. Үүнийг эмэгтэйчүүд үнэрээр мэдэрдэг.
Өөрөөсөө тэс өөр хүнд бид татагддаг юмуу, эсвэл өөртэйгээ ижил хүнд бид дурладаг юмуу?
Хатуу тогтсон хэв загвар гэж байдаггүй.  
Экстраверт төрлийн хүмүүс буюу нийтэч, гадагшаагаа төрлийн хүмүүс нь ихэвчлэн экстраверт төрлийн хүмүүстээ татагддаггүй. Интроверт төрлийн буюу дотогшоо, дуугүй төрлийн хүмүүс мөн ижил интроверт төрлийн хүмүүстээ татагддаггүй. Зарим тохиолдолд хүмүүс ижил зан араншинтай хүмүүст татагддаг. Зарим тохиолдолд дутууг нь нөхөх хүнийг ч сонгодог. 
Бидний зан чанарын 50% нь "темперамент"-аас шалтгаалдаг. Энэ нь бидний генетиктэй холбоотой бөгөөд бидний сонголтонд ч нөлөөлдөг. 
523,622 хүнээс хийсэн судалгаагаар эрэгтэй болон эмэгтэй хүний аль аль нь өрөөөсөө эсрэг буюу өөрөөсөө өөр темпераменттай хүнд илүү татагддаг болох нь судалгаагаар харагджээ. 
Хүмүүс бид дурлаж, шохоорхохдоо тэр хүнийхээ нийгмийн байдал, зан төлөв, зүс царайг хардаг ч ухамсаргүйгээр тэр хүндээ дурлах тохиолдол ч байдаг. 
Бид дутуугаа нөхөхийн тулд ухамсаргүйгээр дурладаг. 
Багаасаа авч чадаагүй хайраа нөхөхийн тулд хэрэгтэй байсан тэр хайрыг нь мэдрүүлэх хэн нэгэн гарч ирэх үед ухамсаргүйгээр тэр нэгэн хүн рүү татагддаг. 




Анхны харцаар дурладаг гэдэгт та итгэдэг үү?
Та тэр хүнийхээ зан ааш, нийгмийн байдлыг мэдэхгүй, сайн танихгүй ч, анх хараад л ухаанаа алддаг. Үүнийг би хувьдаа жинхэнэ дурлал гэж хэлнэ. 
Мөн дасаад дурласан хүмүүс ч байдаг.
Ихэнх тохиолдолд өнгөрсөн амьдралдаа туулж, амссан зүйлсээсээ болоод ухамсаргүйгээр дурлах тохиолдол байдаг. 
Хүү ээжээсээ, охин ааваасаа анхны хайрыг мэдрэн, хүйс нэгтэй эцэг эхээ өөрийн давж чадахгүй өрсөлдөгч гэж ухамсарлаж, түүний бүх үйлдлийг нь хуулбарлан дуурайх гэсэн сэтгэл зүйн онцлог байдаг. Хүйс ондоо эцэг эхээсээ анхны хайрыг мэдрээд, дараа нь анхны хайртай нь ижилхэн хүн таарвал дурладаг байна. Тиймээс төрсөн эцэг эхтэйгээ ижил хүнтэй гэрлэх магадлал өндөр гэсэн үг юм. 
Эмэгтэй хүн дээр жишээ авъя. Охин хүүхдийн анхны хайр нь эцэг нь байдаг. Тиймээс аавтай нь адилхан хүн таарвал дотно санагддаг ажээ. Аавтай нь ижил царайтай, ижил зан чанартай хүн байвал ухасаргүйгээр түүнд татагддаг байна. Жишээ нь аав нь яриа хөөрөөтэй, нийтэч хүн байвал яриа хөөрөөтэй нийтэч хүн таалагдаж, аав нь дуу цөөтэй, даруухан байвал дуу цөөтэй даруухан хүн таалагдах жишээтэй. Эрэгтэйн хувьд ч ялгаагүй. 

Хагас өнчин хүүхдийн тохиолдол

Хагас өнчин, ээж юмуу аавтайгаа өссөн хүүхдүүдэд асуудал илүү ноцтой байдаг. Эдэнд хуулбарлан дуурайх хүн, анхны хайрын эзэн гэж байхгүй, өсөж байгаа нөхцөл нь ч сайн биш. Аавгүй өссөн эрэгтэй хүүхдэд хуулбарлан дуурайх хүн байхгүй учраас том болсныхоо дараа жинхэнэ эр хүний шинж чанар, урагш давших хүч, дайчин зангаар дутмаг байдаг. Харин ээжтэйгээ илүү дотно харьцаатай учраас эмэгтэйлэг шинж давамгайлна.
Аавгүй өссөн эмэгтэй хүүхдийн хувьд анхны хайрын туршлага байхгүй учраас хайрлах аргыг сайн мэдэхгүй, эр хүнээс дөлөн зайлсхийх хандлагатай ч сэтгэлдээ үргэлж хайраар цангаж, аавтай нь адилхан харагдах хүнээс хайр эрж байгаад, хэн нэгэнд сэтгэлээ амархан өгдөг. Ихэвчлэн гэрлэсэн, эхнэр хүүхэдтэй эр хүнийг хайрлах юмуу насны зөрөөтэй хүнтэй гэрлэх хандлагатай ажээ. Эсрэгээр ээжгүй өссөн эрэгтэй хүүхэд эмэгтэй хүнээс айж түгшин, дөлөн зайлсхийх хандлагатай учраас гэрлэсэн, нөхөр хүүхэдтэй, нас ахимаг эмэгтэйн хайранд амархан автдаг байна.
Ээжгүй өссөн эмэгтэй хүүхэд ямар байх вэ? Тэд ихэнхдээ өөрийгөө золиослон, гаргууд нь гаргахад бэлэн байдаг. Золиослох зан нь маш хүчтэй учраас бусдын төлөө өөрийгөө дуртайяа зориулна. Анхны хайрын эзэн аавд нь эхнэр байхгүй байх нь охины хувьд маш хүнд үүрэг хариуцлагыг мэдрүүлдэг. Тиймээс аавынхаа төлөө би өөрийгөө золиослох ёстой гэсэн бодлоор өсдөг гэсэн үг юм.

Хорвоод мэндлэнгүүтээ эхийгээ алдсан нэгэн эрийн жишээг дурдъя. Тэр ганц аавтайгаа өсчээ. Бусдаас онцгой содон төрхтэй, царайлаг залуу болсон тэрээр Эзэний зарц болно гэх хүсэл өвөрлөн библийн сургуульд орсон байна. Үе тэнгийнх нь охид түүний араас их дагах боловч тэр тэднийг огт анхаарсангүй. Харин өөрөөсөө зургаа долоон насаар эгч эмэгтэйчүүдэд сайн байв. Эцэст нь долоон насаар эгч авралын зар тараагч эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэжээ. энэ нь уг эрэгтэй сэтгэл зүйн хувьд ээжтэйгээ гэрлэсэнтэй адил хэрэг болж байгаа юм. Тэр гэрлэмэгцээ яг л жаахан хүүхэд шиг нас ахимаг эхнэрээсээ зүүгдэж эхэлжээ. Нөхрийн маань байдал нэг л хачин байна гэдгийг ажиглаж ухаарахад эхнэрт нь нэг их хугацаа шаардсангүй. Эмэгтэй өөрийгөө эр хүн биш жаахан хүүхэдтэй гэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж, маш том зөрчилд автжээ. Нөхөртэйгээ яриа нь огт таарахгүй байв. Тэгээд нэг л мэдэхэд эхнэр нь яг хүүхэдтэй харьцаж байгаа мэт нөхөртөө хамаагүй хандаж эхэлжээ. Нөхрийнх нь найзууд айлчлан ирвэл нөхрөө хойш болгон байр суурийг нь ганцаараа эзэгнэн яриа өрнүүлж, нөхөр нь дундуур нь орвол ууртайгаар буруутгана. эцэст нь удалгүй нас ахимаг эхнэр нь хүүхэд шиг аашлах нөхрөө хаяад, өөр эрд дурлан, гэрээсээ явсан юм. Эгчмэд эхнэрээсээ салсан залуу хэсэг хугацааны дараа дахин гэрлэсэн боловч бас хүссэнээр нь амжилттай болж чадсангүй. Учир нь түүний зүрхэн дотор ээжийгээ хайн тэнүүчлэх жаахан хүүхэд ороод суучихсан тул насаар дүү эмэгтэйчүүдээс хайр халамжийг мэдэрч чадахгүй байжээ. Түүгээр ч зогсохгүй ээж гэдэг загвар байгаагүй учраас өөрийн эхнэрт хэрхэн хандах ёстойгоо ч мэддэггүй байна.

Миний хувьд гэвэл би эмэгтэй хүн. Тийм учраас эр хүнийг үнэлж дүгнэх тодорхойлолтыг ааваасаа хүлээн авах ёстой юм. Би хойд эцэгтэй өссөн бөгөөд бага балчир насандаа аав ах хоёроороо зодуулж, загнуулж, хатуу чанга эрчүүдийн дор өссөн учраас бага наснаасаа миний эр хүний тухай бодол нь алдаатай буруу хэвшсэн гэсэн үг. Эр хүн гэдэг миний хувьд аймшигт дарангуйлагч байсан учраас бага байхдаа хэзээ ч хүнтэй суухгүй гэж боддог байлаа. Тийм учраас миний хувьд эр хүнд дурлах тал дээр асуудалтай гэсэн үг. 
Миний анхны дурлал эхнэр хүүхэдтэй хүн байсан. Би тэр хүний ямар нэгэн зүйлд нь татагдаагүй. Бодлоороо дурлаагүй гэсэн. Харин нэг мэдэхэд л зүрх минь дурлачихаад, хүчтэй цохилоод байсан. Эхнэртэй хүн байсан учраас мэдээж энэ дурлал маань бүтээгүй. Харин дараа нь нэг залууд сайн болсон юм. Тэр залуу анхны хайртай минь адилхан инээдэг залуу байсан. Түүнд дурлахад тэр бас нөлөөлсөн ч байж магадгүй. Бас биеэ авч явж байгаа нь их төлөвшсөн, аав хүн шиг зан чанартай байсан нь миний нүдэнд төгс хүн шиг харагдаад сайн болж орхисон. 
Үүнээс дүгнэлт хийхэд миний дотор төгс аавыг хайсан, сайн ааваар хайрлуулахыг хүссэн сэтгэл байгаа учраас сайн аав хүн шиг, төлөвшсөн эр хүнийг харвал тийм хүнээс хайр авахыг хүсдэг байна.

Ашигласан материал: 
Нуучлагдсан шархны эдгэрэл ном
setgel.org

No comments:

Post a Comment