Thursday, September 13, 2012

Гашуун үндэс-2

Еврэй 12:14-15

14 Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.
15 Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.

Дээрх ишлэлд Бурхан маш тодорхой хэлсэн байна. Хүн бүртэй эвтэй байхыг тушаагаад, эс тэгвээс хэн ч аврагдаж чадахгүй гэжээ.
Бид Бурханы нигүүлслээс салахгүйн тулд ямар ч гашуун үндэс ургуулж болохгүй ажээ. Ямар ч гашуун үндэс ургаж, бусдад хор учруулахгүйн тулд сэрэмжил гэжээ.
Бид хэрхэн сэрэмжлэх вэ?
Хамгийн эхлээд бид өөрсдийн гашуун үндсээ зөв оншлон олох нь чухал.
Хүмүүсийн ихэнх шарх нь эцэг эхээсээ авсан шарх байдаг.
Бага наснаасаа, тэр ч бүү хэл эхийнхээ хэвлийд байхдаа хүүхэд шарх авдаг байна. Хэвлийд байгаа хүүхдээ авхуулах талаар бодох, жирэмсэн байхдаа ихээр гашуудан уйлах, цочролд орох, сэтгэл санааны хямралд орох нь хэвлийд байгаа хүүхдэд муугаар нөлөөлдөг билээ. Хэдийгээр тухайн үед ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй ч олон жилийн дараа том болсон хойно ч түүний үр уршиг нь илэрч гарч ирж байдаг байна.

Сэтгэл тань тайван бус, түгшүүртэй байна уу?
Та өөрийгөө маш ихээр буруутган шаналж байна уу?
Нойргүйдэх өвчнөөс болж тарчилж байна уу?
Үхээнц, сүр сүлдгүй байдаг уу?
Хоолны дуршилгүй болж байна уу?
Эсвэл зай завсаргүй идээд байна уу?
Ажлын донтой болсон уу?
Зугаа цэнгэлд амархан автаж байна уу?
Зан ааш тань түргэн ширүүн байна уу?
Тэгвэл танд эдгэрэл хэрэгтэй болсон байна.

Шархны үндэс

Хэн нэгэн хүнийг харахаар, эсвэл хийж байгаа үйлдэлийг нь хараад, эсвэл зан аашнаас нь болоод та тэр хүнд шалтгаангүйгээр дургүй байх, сөргөлдөх, эсэргүүцэх зүйл гарч байсан уу?
Таны эсрэг ямар нэгэн буруу зүйл хийгээгүй байхад та зүгээр л түүнд дургүй. Байгаа байдал нь таалагдахгүй байна гэж бодох үе байдаг байсан уу?
Тэгвэл таны дотор шарх байнаа гэсэн үг.
Яг ямар шарх вэ гэдгийг олохын тулд та анзаарч үзээрэй.
Таны дургүйцээд байгаа хүмүүсийн нийтлэг байдал, төрх ямар вэ?
Монголын олон гэр бүлд хүчирхийлэл их бага хэмжээгээр байдаг. Тэр байтугай багаасаа эсвэл олон жилийн туршид гэр бүлийн хүчирхийлэл дор байхдаа гашуун үндсийг өөртөө бий болгосон байдаг. Тэрхүү гашуун үндэс нь тухайн дарлуулж байсан хүнийхтэй адил шинж байдал илрэх үед гарч ирдэг байна.
Илүү тодорхой болгох үүднээс дараах жишээнүүдийг хуваалцъя.

Сөрөг бодолтой хүн

Би хамт ажиллаж хамт амьдардаг нэг охинтой ердөөсөө таардаггүй байлаа. Түүний ярьж хэлж байгаа үг болгоныг сонсохоор л миний дотроос огшиж ирээд л уур хүрнэ. Амьдралдаа анх удаа шалтгааныг нь мэдэхгүйгээр хүнийг тэгтлээ жигшиж, зэвүүцэж, дургүйцэж үзлээ.  Би бүр өөрийгөө гайхаж хоцордог байлаа. Яагаад би тэр хүнийг юм ярих болгонд уур хүрээд байдаг юм бол гээд толгойгоо гашилтал бодлоо. Бодоод бодоод хариуг нь олдоггүй. Сүүлдээ тэрэнтэй муудалцлаа. Хэрэлдлээ. Үг сөрлөө. Харицахгүй байж үзлээ. Тэгтэл харин харицахгүй байгаад үзсэн чинь дотор аягүй амар тайван болдог байна шдээ. Тэгээд өөрийнхөө амар тайван байдлын төлөө тэрэнтэй юм дуугарахгүй боллоо. Удалгүй тэр ч ажлаасаа гараад яваад өглөө. Үүний учрыг надад ойлгуулж өгөөч гэж Бурханаас гуйлаа. Харин нэгэн удаа цуглааны маань пастор бүтэн сайн өдөр сургааль зааж байхдаа өөдрөг бус бодолтой, сөрөг бодолтой хүний талаар сургааль номлосон юм. Тэр сургаалийн талаар би өөрийгөө дүгнэн, бусад хүмүүстэй харьцуулан бодож байтал тэр найз маань санаанд орсон юм. Тэр ямар хүн байсан бэ гэхээр маш сөрөг бодолтой, гутранги үзэлтэй, дандаа сөрөг зүйл ярьдаг хүн байлаа. Аливаа зүйлийг харахдаа сайн талыг нь харахаасаа илүү муу талыг нь хараад муулдаг, муугаар ярьдаг хүн байсан юм. Ямар нэгэн үйл явдал болоход тэр үйл явдал нь сайнаар ч ярьж болох муугаар ч ярьж болох үйл явдал байхад муугаар нь дүгнэн ярьдаг. Жишээ нь: Ажилчид хувцсаа солиод ажлын унаанд суух үед би арай хоцроод очтол "Чамайг сая яг хаяад явах гэж байлаа шд" гэж хэллээ л дээ. Хэрвээ би оронд нь байсан бол "Чамайг удаад байхаар унаа хөдлөх гэж байсан, ашгүй чи амжлаа" гэж хэлэх байсан байх, эсвэл юу ч дуугарахгүй дуугүй л байх байсан байх. Түүнийг ингэж хэлэх үед миний дотор "Намайг хаяж явах гэж байсан байна" гэж бодох биш, харин "Энэ хүн хэлж байгаа үгээрээ бусдыг хагаралдуулах зүйл хийж байна гэдгээ мэдэж байгаа болов уу? Ямар хэлж байгаа үгээ бодож ярьдаггүй хүн бэ" гэсэн бухимдах сэтгэл төрсөн юм. Энэ мэтчилэн түүний хэлж ярьж байгаа үг миний бухимдал уурыг хүргэхээс өөр зүйлгүй байлаа. Хамт амьдарч ажиллаж байхад ч хүний сайн талыг олж харахаас илүү муу талыг нь олж харна. Тэр битгий хэл сайн талыг нь хүртэл муу тал болгон хардаг байлаа. Хэлж ярьж байгаа үг нь ч бусдыг шүүмжилсэн, нураасан, муулсан үг хэлнэ. Нас залуу хүн бас Бурханд итгэдэг хүн хэрнээ аль хэдийн өөрийгөө өнгөрсөн хүн, ирээдүйгүй хүн гэж ярина.
Хүний амьдралд янз бүрийн л хүн тааралддаг. Гэтэл тэр хүнийг тэгтлээ жигшээд байсан учир нь миний багын нэг шархтай холбоотой байсан юм. Би хойд эцгээсээ хайр авч өсөөгүй юм. Миний санаанд нэгэн үзэгдэл бүдэгхэн санагддаг. Аав согтуу агсам тавиад, ээж бид хоёр айгаад гэрийнхээ хувцастай гадаа даараад зогсож байхад, ээж бид хоёрын хажуугаар нэгэн ачааны тэрэг зөрөн өнгөрөхдөө шалбааг дайран ус үсчүүлэн өнгөрч байсан юм. Тэр дүр зургийг бодохдоо тэр үеийн өөрийгөө би өрөвддөг байлаа.
Аав архи уугаад согтуу ирэх үедээ заримдаа агсам тавина, заримдаа шууд унтаад өгнө, заримдаа учиргүй миний хүүхдүүд, миний хань сайн хүн гээд л магтаад саймширч өгнө, заримдаа өөрийгөө муулж, хараан зүхэж, "Би муу хүн, би маш муу хүн, би адгийн амьтан" гээд л өөрийгөө зүхэж өгдөг байлаа.
Аав маань их гутранги үзэлтэй, өчүүхэн асуудал тулгарахад л сэтгэлээр унаад шаналчихдаг хүн. Байнгын шаналал зовиуртай. Аавын гутранги үзэлтэй, муу амтай, сөрөг бодолтой байдал нь миний нэг шарх байсан байлаа. Тиймээс ямар нэгэн байдлаар намайг унагах гэсэн байдал ажиглагдвал би тэр хүнд шууд дургүй болно.




Ууртай догшин, бардам хүнээр дарлуулж байсан шарх.

Миний явж байсан цуглаанд нэгэн их бардам яриатай хүн байлаа. Тэр хүн надад ямар нэгэн муу зүйл хийгээгүй. Харин ч надад сайн хандаж тусалж байсан. Гэтэл би тэр хүнд үнэхээр дургүй байлаа. Шалтгаан нь тэр хүн их бардам яриатай, бас огцом ууртай. Тэр хүний бардамнан ярих болгонд миний дотроос уур, дургүйцэл буцална. Түүний бардам бас ууртай байгаа байдлаас нь болоод би тэр хүнийг өөрийнхөө хувьд зөвт биш хүн гэж дүгнэнэ. Харин би өөрийнхөө шархыг олж мэдэх үедээ асуудал тэр хүнд биш, харин надад байгааг ойлгосон юм. Тэр хүнийг бардам яриатай огцом ууртай байгаагийнх нь төлөө би Бурханы урдуур ороод тэр хүнийг шүүхийг хүсч байсан юм. Харин энэ бол миний багаасаа авсан нэгэн шархтай холбоотойг би мэдсэн юм.
Би багадаа хойд ахын ширүүн нударган дор өссөн юм. Байнга л зодуулна. Хамарнаас цус гарах бол энгийн үзэгдэл байлаа. Хэрвээ хамарнаас цус гарвал угаа гэж зандарна. Угаахгүй бол бас л зодуулах болно. Тэр хүний байр байдал нь догшин ширүүн, ууртай, бардам. Хэрвээ сэтгэлд нь нийцэхгүй үг хэлвэл "Хуцаад байгаарай новш минь" гэж хэлээд гарт таарсан юмаараа цохино, эсвэл шиднэ. Тэр хүний ийм болсон нь хойд аавын маань үлгэр жишээ байх. Яг адилхан 2 хүн. Асуудлыг уураар эсвэл нударгаар шийддэг. Эмэгтэй хүнд гар хүрэх гэдэг бол хэвийн үзэгдэл, байх ёстой зүйл мэт. Бас маш бардам хүн. Өөрөөсөө бусдыг хог шаар шиг боддог.
Ийм хүнээр зодуулж өссөн учраас ууртай догшин хүн эсвэл бардамнан ярьж байгаа хүнийг харвал шалтгаангүйгээр тэр хүнд дургүй болдог байсан нь миний багын шархтай холбоотойг ойлгосон юм.



Таны хувьд ч гэсэн согтуу хүнээр агсам тавиулж өссөн бол согтуу хүнд дургүй байх жишээтэй. Эсвэл тэр агсам тавьж байсан хүнтэй нь адилхан зан ааштай хүн тааралдах үед тэр хүнд дургүй байх ч юмуу. Та өөрийн өнгөрүүлсэн амьдрал болоод хүмүүстэй харилцаж буй харьцаагаа нэг эргэцүүлэн дүгнээд үзээрэй.


1 comment:

  1. Үнэхээр их сонирхолтой бичлэг болжээ.

    ReplyDelete