Tuesday, September 25, 2012

Фройдын хамгаалалтын механизм

Хүн зовлонтой учрахдаа түүнээс ангижрах гэсэн сэтгэл зүйн бутэцтэй байдаг. Энэ сэтгэл зүйн бутцийг Фройд хамгаалалтын механизм гэж нэрлэжээ.



1. Үгүйсгэж няцаах (Denial)

Гэнэтийн их зовлонтой учирсан хүн өөрийн байр байдлыг хүлээн зөвшөөрдөггүй учраас сөрдөг. Өөрөөр хэлбэл сэтгэлийг тавгүй болгож байгаа бодит нөхцөл байдлыг хүлээн авдаггүй юм. Хайртай хүнийхээ үхлийг үгүйсгэж, дайн гэх мэт хүлээн зөвшөөрөхөд хэцүү гай зовлон ирэхэд хүмүүс нүдээ тас аньж орхих хандлагатай байдаг.
Солонгосын иргэний дайны үеэр олон залуу тулааны талбарт эрсэдсэн билээ. Тэр үед амь үрэгдсэн мэдэгдэл хүлээн авсан хүмүүсийн ихэнх нь тэрхүү болсон явдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм. Миний том ах ч амь үрэгдсэн билээ. Аав маань дөрөв хоног огт юм идэж уухгүй, нулимс урсгаж, манай гэрийнхэн ч ахыг үхсэн гэдгийг хүлээн авсангүй. Тэр үхээгүй, гарцаагүй хойд Солонгосын цэрэгт баригдсан байх хэмээн бодож, хэд хоногийн дараа цэлийтэл сайхан инээгээд гэртээ эргэж ирэх юм шиг санаж байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд ахын үхлийг хүлээн зөвшөөрөх болсон юм. Хааяа нэг, хэвийн бус хүмүүс ийм  бодит байдлыг хүлээж авдаггүй.

2. Тусгал (Projection)

Өөрийн хүлээн авч чадахгүй онцлог чанаруудыг бусдад тохно. Хүн өөрийн дургүй, хүлээн авч чадахгүй зүйлээ бусдаас олж хараад тийм гэмтэй, тийм муу зуршилтай байгааг нь буруутгадаг. Өөрөөр хэлбэл муу зуршлаа ухамсарлахад дагах зовлонгоос зайлсхийхийн тулд хүн энэхүү бодит байдлаас өөрийгөө тусгаарлах ажээ. Нэг үгээр өөрийн сул талыг харалгүй, түүнийгээ бусдад тохож, өөртэйгээ адилхан хүнд дургүйцэж, үзэн ядах үе юм. Жишээлбэл мөнгөнөөс өөр юм мэддэггүй хүн мөнгөндөө нарийн, харамч хүнийг эрс буруутгадаг. Өөрийн ичгүүрт дүр төрхийг түүнээс олж харсан хэрэг юм. Тиймээс бид заримдаа нүдний өргөс мэт санагдах хүнтэй учирвал түүний үйл хөдлөл дотор байгаа өөрийн дүр төрхийг харж чаддаг байх ёстой. Тэгээд тэр хүнийг хайрлах гэж хичээгээрэй.

3. Зогсонги байдал (Fixation)

Дараагийн үе рүү орох гэхээр сэтгэл тавгүйтэж, хөгжлийн ганцхан шатнаас улайран зуурахыг хэлнэ. Хэтэрхий бусдад найддаг жаахан хүүхэд өөрийгөө энэхүү зогсонги байдлаар хамгаалдаг. Өөрөөр хэлбэл түгшин тавгүйтэх сэтгэл нь бие даах занд суралцахад саад болдог гэсэн үг. Өсөж том болохдоо тухай бүрт нь хүлээж авах ёстой үндсэн хоол "хайр" хүнд байдаг. Дөнгөж мэндлээд нэг нас хүртлээ эхийнхээ, дараа нь эцэг эх хоёулангаас нь хайрыг хүлээн авч байж хэвийн өсөж чадна. Ялангуяа дөрвөөс таван насны хооронд эцэг эхийн хайрыг авахгүй юмуу онцгой шарх амсах тохиолдолд тэр наснаасаа цааш өсөж чадалгүй, зүрх сэтгэлд нь жаахан хүүхэд байрлаж орхидог байна. Биологийн нас нь 30, 40 хүрлээ ч зогсонги байдалд орсон зүрх сэтгэлийн хүүхэд нь том болохгүй бөгөөд шархалсан үетэйгээ ижил төстэй байдалтай дахин учирвал дээрх шинж тэмдэг ил гарч, өвчин болно. Хэрэв долоон насандаа ямар нэгэн шарх амссан бол долоон настай хүүхэд, дөрвөн настайдаа шархалсан бол дөрвөн настайдаа дотоод өсөлт нь зогсож орхидог гэсэн үг.
Бас багш болон дунд, ахлах сургуулийн найзуудаасаа хангалттай хайр авч, бас хайрлах ёстой. Энэ үед найзуудтайгаа сайн харилцаа тогтоож чадахгүй бол дараагийн шат руу орохгүй. Үүнийг "шилжилтийн насны зогсолт" гэж хэлдэг. Шилжилтийн насны зогсолттой хүн том боллоо ч ямар нэгэн асуудал үүсэхэд арван хэдтэй хүүхэд шиг хэт давруу, радикал маягийн эсэргүү үйлдэл гаргадаг байна.

4. Ухралт (Regression)

Хүсэл шаардлага нэг их байдаггүй хөгжлийн анхан шат руу ухран хойшлохыг хэлнэ. Жишээлбэл айх үедээ жаахан хүүхэд шиг уйлж, хуруугаа хөхөх, нуугдах зэрэг ааш гаргадаг гэсэн үг. Мөн дүүтэй болсон жаахан хүүхэд байгаа үе шатнаасаа дор төлөвшөөгүй үйлдэл үзүүлдэг. Хайрыг ганцаараа эзэгнэж ирсэн хүүхэд шинээр төрсөн жаахан дүүдээ ээж аавынхаа хайр, анхаарлыг булаалгаж орхисон гэж бодон, эцэг эхийнхээ хайрыг эргүүлэн олж авахын тулд хээв нэг өмдөндөө шээж орхих зэрэг жоохон хүүхдийн үйлдэл гаргахыг хэлнэ.
Нэгэн газар машинууд мөргөлдөн, осол болжээ. Дөнгөж жолоо барьж сурч байгаа бололтой залуу бүсгүй туршлагагүйн улмаас урдаа байгаа машиныг очоод мөргөчихсөн байна. Тэгмэгцээ мань бүсгүй гэнэт яг жаахан хүүхэд шиг асгартал уйлж эхэлжээ. Жирийн том хүн даатгалын дэвтрээ гаргаад, ямар арга хэмжээ авахаа хэлэлцдэг бол энэ эмэгтэй анх удаагаа осолд орж, дэндүү их цочирдон айхдаа яг жаахан хүүхэд шиг аашилсан гэсэн үг юм.

5. Өөрийгөө зөвтгөх (Rationalization)

Шархалсан үзлээ уран нарийн өмгөөлөхийн тулд сайн шалтаг гаргаж ирэхийг хэлнэ. Мөн цөхрөм байдалд өөрөө шархлахгүй тулд сэдэх заль мэх юм. Жишээлбэл: Албан тушаал ахих боломжоо алдсан хүн төрөл бүрийн шалтаг, шалтгаан гаргаж ирэн амгалан царайлах эсвэл бүтэлгүй дурлалтай учирсан хүн үнэндээ тэр надад тийм ч чухал байгаагүй, би угаасаа салах гэж байсан юм гэж хэлэхдээ өөрийгөө ятган, шархалсан сэтгэлээ аргадаж байгаа ажээ.
Иесубын ёгт үлгэрт ийм зүйл гардаг. Замаар явж байсан үнэг өндөр модонд өлгөөтэй амтат усан үзмийг хараад идэхийг маш их хүсчээ. Гэвч яаж ч оролдоод авч идэж чадсангүй. Нэлээд хичээж оролдсон үнэг шантраад, замаараа эргэн явахдаа "Тэр гарцаагүй Бурханы усан үзэм байсан байх." гэсэн гэдэг юм.

6. Хувиргах (Sublimation)

Нийгэмд ч хүлээн авах боломжтой өндөр түвшний арга зам, нэвтрэх гарцыг хэрэглэж, хамгийн анхан шатны хатгалт түлхэлтийг бий болгохыг хэлнэ.

7. Орлуулах (Displacement)

Үндсэн юмс болон хүнийг өөрийн болгох хэцүү үед өөр эд юмс, хүнд тэр энергээ гаргах үйлдэл юм. Өөрөөр хэлбэл уур нь хүрсэн хүү эцэг эхтэйгээ тэрсэлдээд байж чадахгүй учраас арай аюулгүй, найдвартайгаар нь дүү юмуу муураа цохиж авахтай адилхан юм.

8. Дарах (Repression)

Бэртэл гэмтэл, түгшүүр зовнилийг өдөөх зүйлийг мартах юм. Мөн хүлээн авах аргагүй бодит явдлыг далд ухамсар дотроо түлхэн оруулах, эсвэл зовлонт үнэнийг ухамсарлахгүй байх ажээ. Дарах нь Фройдын хамгийн чухал ухагдахууны нэг бөгөөд өөрийгөө хамгаалах өөр олон механизм болон мэдрэлийн гажигийн үндэс болдог. Сүнслэг сургалт болон дотоод эдгэрлийн хэсэгт "Хачирхалтай нь багын юм ерөөсөө санагддаггүй." гэж хэлэх хүмүүстэй амархан таарч болно. Энэ нь сэтгэл өвтгөсөн дурсамжаа арчин хаяхыг хүссэн сэтгэл зүйгээс болж байгаа юм. Харамсалтай нь бүгдийг мартсан мэт санагдах дурсамж бүрэн мартагдалгүй, далд ухамсар дунд гүн сууж байгаад аажуухан өгсдөг. Яг сүү хөөрөх мэт исэж, хөөсөн уур хилэнгийн хорт хий аажмаар хүний амьдралыг харанхуй руу түлхэх ажээ. Тиймээс мартагдсан дурсамж, өөрөөр хэлбэл дарагдаж байгаа санамжийг ухамсрын гадаргуу дээр татан гаргаж ирээд, хийсгэх ажил хэрэгтэй байдаг.

9. Сөрөг бүрдэл (Reaction-Formation)

Далд ухамсар доторх чин хүсэл, мөрөөдлийнхөө бүр эсрэг үйлдэл хийнэ гэсэн үг юм. Ноцтой сүрдүүлэгтэй учран их түшин сандарсан ч үүнийгээ үгүйсгэхийн тулд эсрэг үйлдэл гаргаж далдлан нуухыг хэлнэ. Жишээлбэл: Хүүхдээ авахуулах гэж хүсч байсан ээж тэрхүү гэмдээ шаналан, түүнээсээ болоод хүүхдээ илүү бөөцийлөн хамгаалж, хэтэрхий их хайрыг зориулах тохиолдол байдаг. Хэн нэгэн хэтэрхий найрсаг, ялдам зөөлөн байвал доторх үзэн ядалт, сөрөг сэтгэлээ нууж байж магадгүй юм.
Онцгойлон хайрыг их өгүүлэн хашгирдаг хүнд хайр дутагдсан байдгийг харж болно. Сэтгэлийн шарх ихтэй хүмүүсийн дотор бусдын өвдсөн сэтгэлд зөвлөгөө өгдөг зөвлөгч их байдаг. Монополь дарангуйллыг түлхэн унагахыг хашгирдаг хүн байх тусмаа дарангуйлах хандлагатай, хэтэрхий их нулимстай хүн дотроо маш их атгаг санаа өвөрлөж байх нь бий. Эмэгтэй хүнд маш их дуртай эр хүн эмэгтэйчүүдэд хөндий хүйтэн, тоомжиргүй хандаж, эрэгтэй хүнд дуртай эмэгтэй ихэнхдээ эр хүнд ширүүн хатуу аашилдаг. Системт теологийг заадаг багш хамгийн зохион байгуулалт муутай, түүхийн эрдэмтэд нь үнэндээ түүхэн бус юм. Эдгээр нь бүгд сөрөг үзэгдэл ажээ. Ахадсан, өөрөөр хэлбэл хэтэрсэн үйлдэл нь сөрөг үзэгдэл байх магадлал өндөр байдаг. Тиймээс гадна харагдах өнгө үзэмжээр хүнийг дүгнэвэл амархан алдаа гаргана.
Жон Тэ Ги - "Нууцлагдсан шархны эдгэрэл" номноос...

No comments:

Post a Comment