Sunday, July 22, 2012

Дотоод эдгэрэл


Өнөөдөр би ээжийгээ уучиллаа. Гэв гэнэт бодолд минь ээжийн надад хэлж байсан үг бодогдсон юм. Нэлээд хэдэн жилийн өмнө ээж надад "Би чамайг айлд өргүүлэх гэж байсан, гэтэл чи надруу "Намайг битгий хаяач" гэсэн харцаар хараад байхаар нь би чадаагүй" гэж хэлсэн ээжийн үг байлаа.
Тэр үед би ээжид гомдон ийм зүйлийг надад хэлж байдаг, яасан хүний сэтгэл боддоггүй юм бэ, бас намайг айлд өргүүлэх гэж байсан гэж бодохоор гомдмоор санагдаж байсан юм.



Харин гэтэл өнөөдөр тэр үгийг дахин бодоход би өмнө нь зөвхөн өөрийнхөө байр сууринаас л хараад ээжийг шүүмжилж бодоод байсан байна. Харин асуудлыг ээжийн байр сууринаас авч үзэхэд, ээж намайг айлд өргүүлээд амьдралаа бодсон бол хоёрийн хоёр дагавар хүүхэдтэй хүнтэй суухгүй л байх байсан даа гэж бодлоо. Тэгээд бодохоор ээж миний төлөө өөрийнхөө амьдралыг золиосолсон байна шүү дээ. Гэтэл би ээжийг зөвхөн өөрийгөө боддог, хувиа хичээсэн хүн гэж бодож явдаг.
Би төрсөн эцэгтэйгээ нэг ч удаа уулзаж байгаагүй. Нэг удаа намайг аравдугаар ангид байхад төрсөн эцэг маань надтай уулзмаар байна, гэрийнхэн очиж уулз гээд болдоггүй гээд хүрээд ирэхэд нь ээж өөдөөс нь "Охин чинь Америк явж их сургуульд сурна, сургалтын төлбөр 5000$  аваад ир, тэгээд охинтойгоо уулзаарай" гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь төрсөн эцэг маань за гэж хэлээд тэрнээс хойш дахиж ирээгүй юм даа.
Би ээжид олон зүйл дээр гомдон, ээжийг тийм ч сайн ээж биш, намайг хайрладаггүй, надаас илүү мөнгөнд хайртай гэж боддог байлаа. Харин би түүний байр сууринаас бодоод үзэхэд ээж минь миний төлөө зориулсан олон жилийн зориулалт, хайр, халамж, алдсан зүйлсээ мөнгөөр нөхөх гэж оролддог юм байна гэдгийг ойлгосон юм. Төрсөн эцэгтэй минь харицахдаа ч, надтай харицахдаа ч, өөрт нь мөнгө төлөх ёстой юм шиг авирладаг юм байна гэдгийг би анзаарсан. Өмнө нь зөвхөн надаас илүү мөнгөнд хайртай гэж боддог байлаа, харин тийм биш, өөрийн хоосон орон зайгаа мөнгөөр л дүүргэхийг хүсдэг юм байна. Би ээжийгээ уучилсан. Яагаад гэвэл миний ээж миний төлөө бүх амьдралаа зориулсан. Харин ээж минь ч гэсэн тэр эдгэрлийг аваасай.