Saturday, September 29, 2012

Нууцлагдсан шарх эдгэрсний долоон үр дүн

Нэгдүгээрт өөрийгөө хэн болохыг ухаарна

Өөрийгөө хэн болохыг мэдэхгүй хүнд өөрчлөлт, өсөлт гэж байхгүй. Өөөийгөө хэн болохыг мэддэггүй хүнийг далайн гүнд хаашаа чиглэн явах ёстойгоо үл мэдэх усан онгоцтой зүйрлэж болох юм. Өөрийгөө хэн болохыг мэдэхгүй хүн ямар ч ажлыг хийсэн үргэлж тогтворгүй байдаг. Гэр бүлийн асуудал нь тайлагдахгүй, албан ажлынх нь хэрэг явдал ээдрээтэй хэцүү болсон ч яагаад тэгж байгааг мэдэхгүй учраас тэвдэн сандарч, бусдад хариуцлагыг тохдог юм. Эдгэрэл нь өнөөг хүртэл би ямар замаар алхаж ирсэн, одоо хаана зогсож байгаагаа тодорхой харж, дараа нь хаашаа явахад шийдэхэд тусалдаг. Дахин хэлэхэд эдгэрлийн үе шатаар дамжин өнөөг хүртэл намайг өвтгөсөн харанхуйн хүчин зүйлийг олж харах болно гэсэн үг юм. Тэгвэл энэ үеийг хүртэл харанхуй дундуур тэнүүчлэхээс өөр аргагүй байснаа ухаарна. Намайг харанхуйд тэнүүчлэхэд хүргэж, хүсээгүй чиглэл рүү чиглэн давхисан далд ухамсар доторх жолоочийг олж харах мөчид тэрхүү харанхуйн жолоочид амьдралаа цаашид даатгахаа болино.Тэр "би"-тэй хамт миний амьдралд нар мандах юм. Эдгэрсэн олон хүн "Өнөөг хүртэл харанхуйд амьдарч ирсэн минь дэндүү хайран байна." гэж өчдөг билээ.



Хоёрдугаарт бусдыг ойлгож эхэлнэ

Зүрх сэтгэлийн шарх нь эдгэрсэн хүмүүийн нийтлэг зүйл бол урьдынхаас өөрөөр хүмүүсийг харж эхэлдэг.
Шарх нь эдгэрэхээс өмнө өөрийг нь зовоох хүнээс болж бусадтай харилцахдаа үргэлж айдаг байсан эмэгтэй эдгэрлийн үе шатаар дамжсаны дараа нөгөө хүнийхээ сэтгэлийг ойлгодог болжээ. Түүнийг зовоох хадам эхийнхээ байр суурин дээр зогсож нэг үзэн, зүрхэнд хуралдсан шархны зангилааг олж харсан байна. Тийм шархнаас болоод хадам эхэд маань балчир хүүхэд мэт ухралт үзэгддэг байжээ гэдгийг мэдвэл дараа нь хадам эхээ харахаар л сэдрэх өвчилсөн уур хилэн сарниж, оронд нь ойлгох өрөвч сэтгэл бий болжээ.
Эдгэрлийн туршлага байхгүй, эсвэл эдгэрлийн үе шатаар дамжсан хоёр хүн уур нь хүрсэн тохилдолд өөр өөр хандлага гаргадаг. Эхнийх нь уураа дарж чадахгүй, шаналан тарчилдаг бол эдгэрсэн хүн "Тэр хүнд ямар учир явдал байгаа болоод ийм үйлдэл гаргахаас өөр аргагүй байгаа юм болоо?" гэж бодон, ойлгохоор хичээнэ. Бусдыг ойлгодог болсон үед зүрх сэтгэлийн уур хилэн тэр хэмжээгээр багасаж, уур хилэн сулрахын хэрээр амин энерги хий дэмий цацагдахгүй, бүтээлч энерги болон өөрчлөгдөж, чадах юм. Уур хилэн рүү шилжин шингэх амин энергээсээ болж үй олон хүн өвчлөн үхэж байгааг өнөөгийн анагаах ухаан нотолж байгаа билээ.

Гуравдугаарт гэр бүл сэргэнэ

Эдгэрлийн үеэр уулзсан олон хүний шарх нь гэр бүлээс эхэлсэн байдаг. Шарх нь ганхаж байгаа гэр бүл, ганхаж байгаа эцэг эхийн доор өссөн хүмүүсээс тод харагддаг үзэгдэл юм. Ганхаж байгаа гэр бүлээс болж шархалсан хүүхдүүд шилжилтийн насанд очвол тэр хүү, тэр охины ертөнц асуудалтай болж, асуудалтай хүү, асуудалтай охины гэр бүл болоод очих гэр бүл, ажлын газар, нийгмийн аль ч байгууллагад уур хилэн, хагарал зөрчил нахиалдаг. Гэр бүлээс эхэлсэн асуудал нийгмийн, улс төрийн, боловсрол хүмүүжлийн, цаашлаад шашны асуудал болдог байна.
Зүрх сэтгэлийн нуугдсан шарх эдгэрэх үе шатыг ажиглан харвал ихэнх хүмүүсийн асуудал өсөж том болох явцад эхэлж, Ихэвчлэн эцэг эхтэйгээ харилцах харилцаанаас үүддэгийг мэдэж болно. Харин эдгэрлийн үе шатаар дамжин одоо байгаа гэр бүлээ ойлгож эхэлвэл эхнэр, нөхрийн өнөөгийн харилцаа үр хүүхдүүдэд нь ямар нөлөө үзүүлж байгаа нь харагдан, хичнээн хэцүү амьдарч байсан нь харагдах болно. Үүнийг ухаарсан олон эцэг, эх хүүхдүүдийнхээ өмнө өвдөг сөгдөн, чангаар уйлж, уучлалт гуйж буйг байнга харж болох юм. Хүүхдүүдээ шархлуулах эцэг, эх тэднийг хожим аз жаргалтай амьдрахыг найдахгүй байсан ч болно. Харин зүрх сэтгэлийн шарх эдгэрсний үр дүн нь гэр бүл сэргэн, аз жаргалтай гэр бүл болон өөрчлөгдөх явдал юм.
Сонирхолтой нь хоньчны шарх эдгэрвэл, хоньчны гэр бүл өөрчлөгдөж, номлол нь сэргэж, чуулган нь тэр чигээрээ сэргэдэг ажээ.



Дөрөвдүгээрт эрүүл сүнсийг олж авна

Зүрх сэтгэлийг уур хилэн аажмаар намжвал, хайр харьцангүй ихэсдэг. Уур хилэн оволзож байгаа зүрхэн дотор сүнслэг байдал оршиж чадахгүй. Энэ нь уурлан хилэгнэж байгаа зүрх сэтгэлд Эзэн орших газар байхгүйтэй адил юм. Шарх эдгэрэх үед уур хилэнт зүрх, хайрлан ойлгодог зүрх сэтгэл болон өөрчлөгддөг. Тиймээс эдгэрсэн зүрх сэтгэлээр дамжуулан Бурхан гайхамшигт ажлуудыг хийдэг юм.

Тавдугаарт оюун ухамсрын эрүүл байдал бий болдог

Шарх нь эдгээгүй зүрх сэтгэл эмх цэгцгүй, сул байдаг. Сул, цэгцгүй, хуваагдмал зүрх сэтгэлээс тодорхой түвшнээс дээших бүтээлч санаачлага, хүч чадлыг найдан хүлээх хэрэгггүй юм. Харин шарх нь эдгэрсний дараа сул, цэгцгүй, олон хэсэгт хуваагдсан зүрх сэтгэл нь нэг тийш төвлөрөх үзэгдэл явагддаг. Түүнтэй хамт бүтээлч санаачлага ч дээшилнэ. Зүрх сэтгэлийн шарх эдгэрсний дараа хийж буй ажил сайн болдог нь ийм үндэстэй юм.

Зургаадугаарт махан бие эрүүлждэг

Махан биеийн өвчин ихэнхдээ сэтгэлээс үүдэлтэй байдаг талаар өнөөгийн анагаах ухаанд ч хүчтэй яригдаж байгаа билээ. Махан биеийн шарх нь сэтгэлийн шархаа удаан хугацаанд өсгөн, гаргаж ирсний үр дүн ажээ. Энгийн жишээ хэлэхэд ихэнх хорт хавдар доод тал нь 3, дээд тал нь 10 жилийн өмнөх сэтгэлийн шархаас үүдэлтэй байдаг гэх анагаах ухааны тайлан байдаг. Зарим хорт хавдар сэтгэлийн шарх эдгэрэх үед хамт эдгэрэх тохиолдол ч байдаг. Сэтгэлийн шарх эдгэрэхэд биеийн өвчин хамт эдгэрсэн жишээтэй олон тааралдаж байсан билээ. Сэтгэлийн шархыг эмчлэх нь биеийн эрүүл мэндтэй салшгүй холбоотой.

Долоодугаарт сэтгэлийн шарх нь эдгэрсэн хүн өөрөө эмчлэгч болдог

Өсвөр насандаа амссан сэтгэлийн шархнаас болоод харанхуй ертөнцөд амьдарч байгаа хүн олон бий. Тэд эдгэрлийн үе шатыг туулахдаа шинэ ертөнцийг харж, харанхуйгаас ангижран, шинэ амьдралы амсана. Эдгэрсэн хүн сэтгэлийнхээ шархнаас болоод зовж байгаа хүмүүсийг харж, өөрийн өнгөрсөн үеийн өвчин зовлонг ижилхэн мэдрэхдээ, аажмаар тэдэнд туслан, эмчлэгч болж өөрчлөгддөг. Шарх нь эмчлэгдэж, шинэ амьдралыг амссан ямар ч хүн эмчлэгч болох ерөөлийг авдаг. Бурхан түүнийг эмчлэгчээр хэрэглэхээсээ хэзээ ч дургүйцэхгүй.

Жон Тэ Ги-"Нууцлагдсан шархны эдгэрэл" - номноос.

Бусадтай харилцах харилцааны загвар

Martin BuberНамтар



Мартин Буберийн харилцааны загвар

Бусадтай харилцах хэлбэрийг Мартин Буберийн хэлсэн "I and It" "I and thou" харилцаанаас харж болно. Хүний харилцааг сайтар нягтлан харвал зарим хүн бусадтай харилцахдаа бүхнийг "I and It" буюу "Би болон Тэр юмс" гэж боддог бол, зарим нь "I and thou" буюу "Би болон Та" гэсэн харилцаагаар үзнэ.
"It" нь "thing" буюу эд бараа юм. Тиймээс "I and It"-ийн харилцаа нь хэрэглээний үнэ цэнэтэй байх үед л явагддаг. Хэрэв хэрэглээний үнэ цэнэ нь алга болвол харилцаагаа хайр найргүй тасалж орхино. Ийм хүмүүс мөнгө хэрэгтэй үед мөнгө зээлүүлэх хүнтэй найзалж, эрх мэдэл хэрэгтэй үед эрх мэдэлтэнд ойртон очдог. Гэрлэлт, найз нөхөд, чуулган доторх харилцаа нь ч энэ хүрээнээс нэг их ангижирч чадахгүй ажээ. Харин ийм харилцаанаас амийн түүх ердөө ч бий болохгүй.
Гэвч ""-гийн харилцаа нь бусдыг хүн ёсоор хайрлана. Тэр хүнд юу ч байхгүй байсан сүнсийг нь гүнзгийг хайрлах бөгөөд ашиглахыг боддоггүй юм. Үүнээс мөнхөд үргэлжлэх ерөөлийн харилцаа бүрддэг.


Erich FrommНамтар



Эрик Фроммын харилцааны загвар

Эрик Фромм бусадтай харилцах харилцааг хэдэн янзаар хуваан судалж шинжилжээ.

Нэгдүгээрт аваад л байх хандлагат харилцаа

Ийм харилцаа тогтоодог хүн ердөөсөө л авдаг зуршилтай байдаг. Тиймээс ихэнхдээ бусдаас ичгүүр сонжуургүй гэсэн буруутгал сонсоно.

Хоёрдугаарт хадгалах хандлагат харилцаа

Харилцааны энэ хэлбэрийн хүн хэрэглэх ч үгүй, идэх ч үгүй, үргэлж хурааж хуримтлуулдаг. Өөрөөр хэлбэл маш харамч нарийн гэсэн үг. Ийм хүмүүс цуглуулж хураахын сайхныг мэддэг ч хэрэглэхийн сайхныг мэддэггүй онцлогтой.

Гуравдугаарт шулан мөлжих хандлагат харилцаа

Ийм хандлагатай хүн бусдын юмыг булаахдаа дотроо өчүүхэн ч зөрчилддөггүй. Тиймээс эрх мэдлийг гартаа атгавал улсын мөнгийг өөрийнх мэт хэрэглэн завшиж, аж ахуй эрхлэхдээ ажилтныхаа цалинг бүрэн олгохгүй шулж, хамтран ажиллагсаддаа мөнгө төлдөггүй. Ийм хүмүүсийн анхаарал гагцхүү яаж бусдыг хууран мэхэлж, хэрхэн мөлжих вэ гэдэгт л төвлөрч байдаг ажээ.

Дөрөвдүгээрт зах зээлийн хандлагат харилцаа

Ийм хүн бүх зүйлий мөнгөөр хэмжиж тооцох ажээ. Хүнийг харахдаа ч хөрөнгө мөнгөнийх нь хэмжээнээс хамаарч үнэ цэнийг нь тогтоодог. Сүүлийн үед ийм хүмүүс маш их олширч байгаа билээ.
Америкаас ирэнгүүтээ нутгийнхныхаа мэнд усыг мэдэхээр очиход нэг явдал болсон юм. Тэр үед тосгоны настангууд бүгд нэгэн ижил багшийн цалин хэд вэ гэж асууна. Намайг төд гэж хэлвэл "Өө, хөөрхий, Түндэмүний зах дээр наймаа хийдэг хүний цалинд ч хүрдэггүй юм шив дээ" хэмээн тагнай ташдаг байлаа. Тосгоны настангуудад алс хол нутагт ном эрдэм сурч ирээд багш болсон гэх миний сарын цалин, дөнгөж бага сургуулийн боловсролтой хүнийхийг гүйцэхгүй байгаа нь олхиогүй санагдсан бололтой юм. Учир нь тэд зах зээлийн хандлагат харцаар намайг харжээ.
Бид ийм хүмүүс олонхийг бүрдүүлдэг нийгэмд амьдарч байна. Үнэндээ манай нийгэмд мөнгөггүйгээр болох зүйл бараг үгүй. Сурах, гэрлэх, машин, гэр орон худалдаж авах нь бүгд мөнгөөр явагдана. Түүнчлэн өнөө нийгэмд багшийн ажлыг хүртэл мөнгөөр худалдаж авдаг болжээ. Улс төр ч гэсэн мөнгөгүй бол боломжгүй. Бид яг зах зээлийн хандлагат харилцааны үед амьдарч байна. Гэвч бүх үнэ цэнийн хэмжүүр мөнгө байж болохгүй юм.
Та ямар вэ? Аваад л байх, эсвэл хадгалах хандлагат хүн үү? Үгүй бол зах зээлийн хандлагат хүн үү? Шулан мөлжих хандлагат хүн биш биз? Сайтар бодож үзээсэй гэж хүсч байна. Олон хүн үүнийг мэддэггүй учраас бусадтай, өөрөөр хэлбэл хөрштэйгээ харилцахдаа бүтэлгүйтдэг ажээ.

Eric BerneНамтар



Эрик Берны харилцааны загвар

Эрик Берн хүний харилцааг "РАС" -ын онолоор тайлбарладаг. РАС-ын онолоор бүх хүнд эцэг, эхийн характер(Parental character), том хүний характер(Adult character), хүүхдийн характер(Childish character) байдаг бөгөөд энэ нь тэнцвэртэй бол бусадтай харилцах харилцаа нь хэвийн аятайхан, харин тэнцвэргүй байвал хүссэнээр байж чаддагүй гэнэ. Өөрөөр хэлбэл РАС нь тэнцвэртэй хүн, янз бүрийн нөхцөл байдалд онцлог болгоныг сайн харуулдаг ажээ. Жишээлбэл пастор хүнээс сургааль заахад нь эцэг, эхийн, итгэгчидтэй хувьчлан ярилцахад том хүний, хүүхдүүдтэй хамт хөгжилдэн тоглоход балчир хүүхдийн онцлог шинж сайн харагдаж байвал, бусадтай харилцах харилцаа нь хүссэнээр байж чадах юм. Сургуулий багшийн хувьд ч яг адилхан. Сурагчдад хичээл заахдаа эцэг эхийн шинж, сурагчидтайгаа нөхөрлөж байхдаа балчир хүүхдийн онцлогийг харуулжбайж багший үүргээ сайн гүйцэтгэж чадна. Харин аль нэг тал нь хэтэрхий товойсон хүн бусадтай өвчилсөн харилцааг бүрдүүлэх нь их байдаг.
Том хүний характер нь товойсон хүн хаана ч очсон зөвхөн том хүн байх гэдэг. Тиймээс бүх хүнд зааж зааварлах дуртай. Бусдын санаа бодлыг үл тоомсорлон, шүүгч мэт аашлах хандлагатай байдаг. Хүнийг сайшаан магтахдаа яг жаахан хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцана. Бас олон хүний халуунаар хэлэлцэн байж шийдвэрлэсэн асуудлыг үл хүндэтгэн өөрийнхөөрөө зөрүүдэлдэг. Ийм хүнд хэн ч дуртай байхгүй тул хэвийн, аятайхан харилцаа тогтоох нь ховор үзэгдэл ажээ.
Балчир хүүхдийн зан нь илүү ноёрхдог хүн хаана ч удирдагч, манлайлагч байж чадахгүй бөгөөд ямар ч ажлыг хийсэн идэвхигүй, үлбэгэр, хүлцэнгүй байдаг. Өөрийн гэсэн санаа байхгүй. Байлаа ч түүнийгээ бүрэн илэрхийлж чаддаггүй. Ямар ч ажил хэрэг дээр бусдыг дагаж найдна. Тиймээс бусдад басамжлагдах тохиолдол их ажээ. Ийм хүн ч бусадтай эрүүл харилцаа бүрдүүлэхэд хэцүү юм.

Жон Тэ Ги - "Нууцлагдсан шархны эдгэрэл" номноос.

Фройдоос суралцах эдгэрлийн мэргэн ухаан

Хүний сав

Фройдын сэтгэл зүйн ухааны гол цөм нь "хүн өөрчлөгддөггүй" гэдэг онол юм. Фройдын үзлээр балчир насанд тогтсон хүний шинж чанар хэзээ ч өөрчлөгддөггүй гэнэ. Өнөөдөр түүний онолоос өөр санал дэвшүүлж байгаа эрдэмтэд олон бий. Гэвч одоог хүртэл түүний онол олон эрдэмтдэд зүй зохистой хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь бас учир шалтгаантай юм. Тэр "Хүн өөрчлөгддөггүй" гэж хэлэхдээ хүний савны талаар хэлдэг ажээ.
Түүний үзлээр хүний хүрээ нэг шийдэгдсэнийхээ дараа сайн өөрчлөгддөггүй гэнэ. Балчир байхдаа цууны сав болсон хүн нас ахисан ч цууны сав, харин бага насандаа ваараар бүтээгдсэн хүн том болоод ч ваараар амьдрах нь мэдээж юм. Өөрөөр хэлвэл балчир үедээ авсан нөлөө хүний насан туршийнх нь амьдралыг жолооддог.
"Хүн өөрчлөгддөг" гэх хүмүүс хүний сав биш саван доторх зүйл өөрчлөгддөг гэж үзэж байгаа юм. Өөөрөөр хэлвэл зарим хүний саванд бохир юм дүүрэн байж байгаад ямар нэгэн нөлөөгөөр хоосорч, шинэ зүйлээр дүүрэн, агуу ажлыг хийж чаддаг болохыг "хүн өөрчлөгддөг" гэх ажээ.
Миний хувьд би маш жижиг савтай хүн билээ. Миний сав хатуу эцгийн доор бүр анхнаасаа жижигхэн бүтээгдсэн юм. Түүнийг мэдэлгүй нэг хэсэг саваа том болгоно гэж шийдээд чармайж байсан удаатай. Харин эцэст нь жижиг савтай гэдгээ хүлээн зөвшөөрч, савныхаа доторх зүйлийг солихоор шийдсэн билээ. Бохир байвал тунгалаг болгож, хуучин байвал шинэчлэх гэж хичээв. Гэвч доторх зүйл нь өөрчлөгдлөө гээд сав нь өөрчлөгдөж байгаа биш юм. Тиймээс хүмүүс саваа өөрчлөх гэхээсээ илүү доторхийг нь өөрчлөхөөр хичээх ёстой. Тэр нь ухаалаг хэрэг болно.
Тэгтэл "Би 10 жил хоньчлохдоо тэр туслагч, тэр ахлагчид зөндөө зааж сургаад байхад яахаараа тийм байдгийг нь ер ойлгохгүй юм" гэж халаглах хоньчид маш олон байдаг. Тэр нь цууны сав ваар болдоггүй гэдгийг мэддэггүйн балаг ажээ.
Фройдын үзлээр нэг бүтээгдсэн хүн гэдэг сав тийм ч амархан өөрчлөгддөггүй. Гэвч нэг тохиолдлоос бусдад ажээ. Өөрөөр хэлбэл Есүстэй уулзах юм. Есүстэй уулзан. дахин төрөх үедээ хүн шинэ бүтээл болон өөрчлөгдөнө.
Сав нь том хүн бохир зүйлээр дүүрэн байвал дээрмийн үйл маш их хийдэг. Ийм хүмүүсийн саван доторхийг сольчихвол агуу ажлыг хийх болно. Ким Иг Дү пастор, И Ги Пүн пастор зэрэг хүмүүстэй адилхан гэсэн үг юм.

Жон Тэ Ги - "Шархалсан зүрхний эдгэрэл" номноос.


Фройдын зан чанарын сэтгэл зүй

1. Амны хөндийн үе /Төрөхөөс-1 нас хүртэл/: Залбирлын хариултаа бататгана. 

Энэ үед хүүхдийн цорын ганц харилцагч нь ээж юм. Хүүхдэд ээж нь Бурхан бөгөөд хожим уулзаж учрах дэлхийн бүх хүн билээ. Хүүхэд уйлж ээждээ өөрийн бүх санаа бодлыг илэрхийлдэг. Гэдэс нь өлссөн ч уйлж, баасан ч уйлж, живх нь норсон ч уйлна. Бүх санаа бодлоо уйлахаар орлуулна. Энэ нь "Ээжээ, гэдэс өлсөж байна, хоол өгөөч.", "Ээжээ, живх сольж өгөөч" гэх хүүхдийн санаа бодлын илэрхийлэл бөгөөд "Бурхан минь, гэдэс өлсөж байгаа учраас хоногийн хоолыг минь өгөөч" гэсэн залбиралтай адил юм. Ингэж залбирах болгонд хүүхдийн аманд мөөмний толгой зуугдаж, живх нь солигдоно. Энэ үед ээжийнхээ энгэрт тэврүүлсэн хүүхдийн сэтгэлд "Аанхаа, намайг залбирах болгонд хариулдаг юм байна" гэсэн өөдрөг итгэл байр сууриа баттай эзэлдэг ажээ. Ингэж байрласан бат итгэл 90 нас өнгөрлөө ч арилахгүй. Эсрэгээр хичнээн залбирлаа ч /уйллаа ч/ тохиромжтой хариулт өгөгдөхгүй бол хүүхэд залбирлын талаар сөрөг итгэлтэй болдог байна.



2. Хошногоны амсрын үе /1-3 нас/: Хошногоны амсраас баяр баяслыг мэдэрнэ.  

Хүүхэд бааж шээхээ мэдэж эхлэн, биеийнхээ хошногоны амсар гэдэг эрхтнийг анхаарна. Хүүхэд энэ үед эцэг эхийнхээ харцыг ажиглан бааж, шээж эхэлдэг бөгөөд анх удаагаа бааж шээхээ ялгаж мэддэг болсон үед нь үзүүлэх эцэг эхийн хандлага зан чанарт нь маш их нөлөөлдөг ажээ.
Хүүхэд нь анх удаагаа хөтөвчинд сууж, бааж шээхийг ээж аав нь харахдаа маш их баярлан "Хөөх, манай хүүхэд одоо том болжээ" гэсэн хандлага харуулж, тэвэрвэл, хүүхдийн сэтгэлд "Би ч гэсэн ямар нэгэн юм хийж чадна" гэсэн бие даасан үзэл бүрэлддэг байна.
Гэвч бүх хүүхэд яг адилхан хурдаар өсдөггүй. Тийм учраас бусадтай харьцуулахад хөгжил нь жаахан хоцрох хүүхдийн эцэг эх энэ үед амархан түгшин бэмбэгнэж, бааж шээхээ хэлж мэдэхгүй байгаа хүүхэддээ уурлаж, загнах тохиолдол их бий. Тэгвэл энэ үед хүүхдийн сэтгэл санаа маш тавгүй, эмзэг мэдрэмтгий болдог байна. Энэ бол Фройдын хэлж байгаа хошногоны амсрын үе юм.



3. Бэлгэ эрхтний үе /3-5 нас/ : Анхны хайрыг мэдэрнэ

Энэ насандаа хүүхэд дэлхий дээр мэндлээд, анх удаагаа эсрэг хүйсний хүнээ хайрлахыг мэдрэх бөгөөд анхны хайрын уг туршлага насан турш түүний амьдралыг ноёрхох ажээ. Хүү нь эхийгээ, охин нь аавыгаа анхны хайрын эзнээ болгож хайраа өсгөдөг. Тэгвэл бидний санадаг анхны хайр нь үнэндээ хоёрдахь гэж болох юм.
Эхлээд хүүгийн тохиолдлыг авч үзье. Эхийгээ хайрлах хүүгийн өрсөлдөгч нь аав юм. Ээжийгээ дундаа оруулаад эцэгтэйгээ гурвалжин харилцаанд орсон хүү эхийгээ ганцаар эзэмшхийг хүсэвч үргэлж өрсөлдөгч аавдаа булаалгаж орхино. Хүү аавдаа дургүй. Гэвч аавдаа дайсагнахаар хүч өөрт нь байхгүйг сайн мэднэ.
Өөрөө зөвхөн сэтгэл дотроо эхийгээ хайрлаж байхад аав нь баатарлагаар эзэмшинэ. Аавынх нь хэлэх нэг үгэнд ээж нь яаж ч чадахгүй. Аав нь хүсвэл хэзээ ч хамаагүй ээжийг нь хөдөлгөнө. Энэ үед хүү "Би ч гэсэн аав шигээ хүн болвол ээжийнхээ хайрыг эзэмшиж чадна" хэмээн бодож, аавыгаа хуулбарлан, дуурайж эхэлнэ. Зориглон эсэргүүцэж чадахгүй хүнээ хуулбарлан дуурайдаг нь хүний төрөлх шинж юм.
Хүү эр хүн эмэгтэй хүнд яаж хандаж, нөхөр нь эхнэртээ яаж хандаж, ямаршуухан байгааг ааваасаа харж хуулбарлан дуурайхдаа оюун ухаандаа биш цээжиндээ хүлээн авдаг. Цээжиндээ хүлээж авсан энэ сэтгэгдэл далд ухамсар дотор гүнзгий сууж, хүүгийн хүрээг бүрдүүлэх бөгөөд энэ нь насан турш өөрчлөгддөггүй ажээ. Түүгээр ч зогсохгүй энэ насандаа ээжийнхээ аавтай нь харьцаж байгаа үйл хөдөлгөөн, арга барилыг ч далд ухамсрынхаа ой санамжинд тэр хэвээр нь оруулдаг байна.
Энэ санамжинд орсон мэдээлэл хадгалагдаж байгаад гэрлэсний дараа ажиллаж эхэлнэ. Тиймээс гэрлэхээс өмнө илэрхийлэх эр хүний хайрыг жинхэнэ гэж харах аргагүй. Гэрлэсний дараа л түүний жинхэнэ байдал ил гардаг. Тиймээс номхон хонь гэж бодоод гэрлэсэн эр аймшигт чоно болон гэнэт өөрчлөгдөх тохиолдол ч байдаг билээ.
Энэ удаад охиныг авч үзье. Охины анхны хайр эцэг нь юм. Аавыгаа эсрэг хүйсний хүнийх нь хувьд хайрладаг учраас ээж нь өрсөлдөгч ажээ. Охин бас энэ насандаа ээжийнхээ аавд нь яаж хандаж байгааг харж, эхнэр хүн нөхөртөө ямар байна, эмэгтэй хүн эр хүнд хэрхэн ханддагийг тэр чигээр нь хуулбарлан дуурайна. Түүнчлэн аавынхаа үйлдлээр эрэгтэй хүн эмэгтэй хүнд хэрхэн хандаж байгааг цээжин доторх санамжиндаа оруулах ажээ. Хүүтэй яг адилхан энэ хуурцаг ч бас гэрлэсний дараагаас эргэлдэн ажиллаж эхэлнэ. Гэрлэхээсээ өмнө маш ялдам, зөөлөн байсан эмэгтэй гэрлэсний дараахнаас аймшигт мануул болж хувирах нь үүнээс болж байгаа юм. Энэ бол эр эмийн барилдлага билээ.

Жон Тэ Ги - "Шархалсан зүрхний эдгэрэл" номноос.



Wednesday, September 26, 2012

Эдгэрлийн алхам

Бид эдгэрэхийн тулд хамгийн эхлээд өөрсдөө эдгэрэх чин хүсэлтэй байх хэрэгтэй. Надад эдгэрэл хэрэггүй, мөн өнгөрсөн хугацаанд болоод өнгөрсөн зүйлс болоод л өнгөрсөн болохоор одоо хамаагүй гэж хэлэх хүмүүс байгаа байхаа. Харин бид үүнийг үл ойшоон өнгөрөөвөл эдгэрч чадахгүй юм. Бугласан идээг хагалж байж цэвэрлэдэг шиг дотор буй бүхий л гомдол шархаа бид ил гарган уудлах хэрэгтэй. Бид нэг дор бүх шархаа эдгээж чадахгүй, бас болохгүй юм. Учир нь эдгэрэл явагдаж байхад өвдөлт мэдрэгддэг. Эдгэрэл алхам алхамаар явагддаг.
Бид эдгэрэх үед бидний сэтгэл хөдлөлд ч эдгэрэл бий болдог байна. Бидний дотор буй шархнаас үүдэн бидний сэтгэл хөдлөл өвчилсөн байдаг. Биеэ барьсан, нээлттэй бус, бусдыг буруутгасан байдал гэх мэт.
Гашуун үндсийг нэг дор бүгдийг нь тайрч хаях боломжгүй юм. Хэрэв тэгэх аваас бид түүнийг дийлж чадахгүй. Мэс засал хийж байх үед олон эрхтэнд нэг дор мэс засал хийвэл ямар ч хүний бие дааж чадахгүй билээ. Үүнтэй адил бидний эдгэрэл алхам алхмаар явагддаг. Та манай блогийг уншиж байгаа бөгөөд дотроо та надад ямар ч эдгэрэл явагдаагүй гэж бодож болох юм. Гэвч таны дотор сэтгэл хөдөлгөсөн, юм бодогдуулсан, нулимс унагасан, ухаарч ойлгосон ямар нэгэн зүйл байгаа бол танд эдгэрэл явагдаж байгаа гэсэн үг.
Эдгэрэлд цаг хугацаа хэрэгтэй. Эдгэрэл аажим аажмаар явагддаг.


Tuesday, September 25, 2012

Фройдын хамгаалалтын механизм

Хүн зовлонтой учрахдаа түүнээс ангижрах гэсэн сэтгэл зүйн бутэцтэй байдаг. Энэ сэтгэл зүйн бутцийг Фройд хамгаалалтын механизм гэж нэрлэжээ.



1. Үгүйсгэж няцаах (Denial)

Гэнэтийн их зовлонтой учирсан хүн өөрийн байр байдлыг хүлээн зөвшөөрдөггүй учраас сөрдөг. Өөрөөр хэлбэл сэтгэлийг тавгүй болгож байгаа бодит нөхцөл байдлыг хүлээн авдаггүй юм. Хайртай хүнийхээ үхлийг үгүйсгэж, дайн гэх мэт хүлээн зөвшөөрөхөд хэцүү гай зовлон ирэхэд хүмүүс нүдээ тас аньж орхих хандлагатай байдаг.
Солонгосын иргэний дайны үеэр олон залуу тулааны талбарт эрсэдсэн билээ. Тэр үед амь үрэгдсэн мэдэгдэл хүлээн авсан хүмүүсийн ихэнх нь тэрхүү болсон явдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй юм. Миний том ах ч амь үрэгдсэн билээ. Аав маань дөрөв хоног огт юм идэж уухгүй, нулимс урсгаж, манай гэрийнхэн ч ахыг үхсэн гэдгийг хүлээн авсангүй. Тэр үхээгүй, гарцаагүй хойд Солонгосын цэрэгт баригдсан байх хэмээн бодож, хэд хоногийн дараа цэлийтэл сайхан инээгээд гэртээ эргэж ирэх юм шиг санаж байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд ахын үхлийг хүлээн зөвшөөрөх болсон юм. Хааяа нэг, хэвийн бус хүмүүс ийм  бодит байдлыг хүлээж авдаггүй.

2. Тусгал (Projection)

Өөрийн хүлээн авч чадахгүй онцлог чанаруудыг бусдад тохно. Хүн өөрийн дургүй, хүлээн авч чадахгүй зүйлээ бусдаас олж хараад тийм гэмтэй, тийм муу зуршилтай байгааг нь буруутгадаг. Өөрөөр хэлбэл муу зуршлаа ухамсарлахад дагах зовлонгоос зайлсхийхийн тулд хүн энэхүү бодит байдлаас өөрийгөө тусгаарлах ажээ. Нэг үгээр өөрийн сул талыг харалгүй, түүнийгээ бусдад тохож, өөртэйгээ адилхан хүнд дургүйцэж, үзэн ядах үе юм. Жишээлбэл мөнгөнөөс өөр юм мэддэггүй хүн мөнгөндөө нарийн, харамч хүнийг эрс буруутгадаг. Өөрийн ичгүүрт дүр төрхийг түүнээс олж харсан хэрэг юм. Тиймээс бид заримдаа нүдний өргөс мэт санагдах хүнтэй учирвал түүний үйл хөдлөл дотор байгаа өөрийн дүр төрхийг харж чаддаг байх ёстой. Тэгээд тэр хүнийг хайрлах гэж хичээгээрэй.

3. Зогсонги байдал (Fixation)

Дараагийн үе рүү орох гэхээр сэтгэл тавгүйтэж, хөгжлийн ганцхан шатнаас улайран зуурахыг хэлнэ. Хэтэрхий бусдад найддаг жаахан хүүхэд өөрийгөө энэхүү зогсонги байдлаар хамгаалдаг. Өөрөөр хэлбэл түгшин тавгүйтэх сэтгэл нь бие даах занд суралцахад саад болдог гэсэн үг. Өсөж том болохдоо тухай бүрт нь хүлээж авах ёстой үндсэн хоол "хайр" хүнд байдаг. Дөнгөж мэндлээд нэг нас хүртлээ эхийнхээ, дараа нь эцэг эх хоёулангаас нь хайрыг хүлээн авч байж хэвийн өсөж чадна. Ялангуяа дөрвөөс таван насны хооронд эцэг эхийн хайрыг авахгүй юмуу онцгой шарх амсах тохиолдолд тэр наснаасаа цааш өсөж чадалгүй, зүрх сэтгэлд нь жаахан хүүхэд байрлаж орхидог байна. Биологийн нас нь 30, 40 хүрлээ ч зогсонги байдалд орсон зүрх сэтгэлийн хүүхэд нь том болохгүй бөгөөд шархалсан үетэйгээ ижил төстэй байдалтай дахин учирвал дээрх шинж тэмдэг ил гарч, өвчин болно. Хэрэв долоон насандаа ямар нэгэн шарх амссан бол долоон настай хүүхэд, дөрвөн настайдаа шархалсан бол дөрвөн настайдаа дотоод өсөлт нь зогсож орхидог гэсэн үг.
Бас багш болон дунд, ахлах сургуулийн найзуудаасаа хангалттай хайр авч, бас хайрлах ёстой. Энэ үед найзуудтайгаа сайн харилцаа тогтоож чадахгүй бол дараагийн шат руу орохгүй. Үүнийг "шилжилтийн насны зогсолт" гэж хэлдэг. Шилжилтийн насны зогсолттой хүн том боллоо ч ямар нэгэн асуудал үүсэхэд арван хэдтэй хүүхэд шиг хэт давруу, радикал маягийн эсэргүү үйлдэл гаргадаг байна.

4. Ухралт (Regression)

Хүсэл шаардлага нэг их байдаггүй хөгжлийн анхан шат руу ухран хойшлохыг хэлнэ. Жишээлбэл айх үедээ жаахан хүүхэд шиг уйлж, хуруугаа хөхөх, нуугдах зэрэг ааш гаргадаг гэсэн үг. Мөн дүүтэй болсон жаахан хүүхэд байгаа үе шатнаасаа дор төлөвшөөгүй үйлдэл үзүүлдэг. Хайрыг ганцаараа эзэгнэж ирсэн хүүхэд шинээр төрсөн жаахан дүүдээ ээж аавынхаа хайр, анхаарлыг булаалгаж орхисон гэж бодон, эцэг эхийнхээ хайрыг эргүүлэн олж авахын тулд хээв нэг өмдөндөө шээж орхих зэрэг жоохон хүүхдийн үйлдэл гаргахыг хэлнэ.
Нэгэн газар машинууд мөргөлдөн, осол болжээ. Дөнгөж жолоо барьж сурч байгаа бололтой залуу бүсгүй туршлагагүйн улмаас урдаа байгаа машиныг очоод мөргөчихсөн байна. Тэгмэгцээ мань бүсгүй гэнэт яг жаахан хүүхэд шиг асгартал уйлж эхэлжээ. Жирийн том хүн даатгалын дэвтрээ гаргаад, ямар арга хэмжээ авахаа хэлэлцдэг бол энэ эмэгтэй анх удаагаа осолд орж, дэндүү их цочирдон айхдаа яг жаахан хүүхэд шиг аашилсан гэсэн үг юм.

5. Өөрийгөө зөвтгөх (Rationalization)

Шархалсан үзлээ уран нарийн өмгөөлөхийн тулд сайн шалтаг гаргаж ирэхийг хэлнэ. Мөн цөхрөм байдалд өөрөө шархлахгүй тулд сэдэх заль мэх юм. Жишээлбэл: Албан тушаал ахих боломжоо алдсан хүн төрөл бүрийн шалтаг, шалтгаан гаргаж ирэн амгалан царайлах эсвэл бүтэлгүй дурлалтай учирсан хүн үнэндээ тэр надад тийм ч чухал байгаагүй, би угаасаа салах гэж байсан юм гэж хэлэхдээ өөрийгөө ятган, шархалсан сэтгэлээ аргадаж байгаа ажээ.
Иесубын ёгт үлгэрт ийм зүйл гардаг. Замаар явж байсан үнэг өндөр модонд өлгөөтэй амтат усан үзмийг хараад идэхийг маш их хүсчээ. Гэвч яаж ч оролдоод авч идэж чадсангүй. Нэлээд хичээж оролдсон үнэг шантраад, замаараа эргэн явахдаа "Тэр гарцаагүй Бурханы усан үзэм байсан байх." гэсэн гэдэг юм.

6. Хувиргах (Sublimation)

Нийгэмд ч хүлээн авах боломжтой өндөр түвшний арга зам, нэвтрэх гарцыг хэрэглэж, хамгийн анхан шатны хатгалт түлхэлтийг бий болгохыг хэлнэ.

7. Орлуулах (Displacement)

Үндсэн юмс болон хүнийг өөрийн болгох хэцүү үед өөр эд юмс, хүнд тэр энергээ гаргах үйлдэл юм. Өөрөөр хэлбэл уур нь хүрсэн хүү эцэг эхтэйгээ тэрсэлдээд байж чадахгүй учраас арай аюулгүй, найдвартайгаар нь дүү юмуу муураа цохиж авахтай адилхан юм.

8. Дарах (Repression)

Бэртэл гэмтэл, түгшүүр зовнилийг өдөөх зүйлийг мартах юм. Мөн хүлээн авах аргагүй бодит явдлыг далд ухамсар дотроо түлхэн оруулах, эсвэл зовлонт үнэнийг ухамсарлахгүй байх ажээ. Дарах нь Фройдын хамгийн чухал ухагдахууны нэг бөгөөд өөрийгөө хамгаалах өөр олон механизм болон мэдрэлийн гажигийн үндэс болдог. Сүнслэг сургалт болон дотоод эдгэрлийн хэсэгт "Хачирхалтай нь багын юм ерөөсөө санагддаггүй." гэж хэлэх хүмүүстэй амархан таарч болно. Энэ нь сэтгэл өвтгөсөн дурсамжаа арчин хаяхыг хүссэн сэтгэл зүйгээс болж байгаа юм. Харамсалтай нь бүгдийг мартсан мэт санагдах дурсамж бүрэн мартагдалгүй, далд ухамсар дунд гүн сууж байгаад аажуухан өгсдөг. Яг сүү хөөрөх мэт исэж, хөөсөн уур хилэнгийн хорт хий аажмаар хүний амьдралыг харанхуй руу түлхэх ажээ. Тиймээс мартагдсан дурсамж, өөрөөр хэлбэл дарагдаж байгаа санамжийг ухамсрын гадаргуу дээр татан гаргаж ирээд, хийсгэх ажил хэрэгтэй байдаг.

9. Сөрөг бүрдэл (Reaction-Formation)

Далд ухамсар доторх чин хүсэл, мөрөөдлийнхөө бүр эсрэг үйлдэл хийнэ гэсэн үг юм. Ноцтой сүрдүүлэгтэй учран их түшин сандарсан ч үүнийгээ үгүйсгэхийн тулд эсрэг үйлдэл гаргаж далдлан нуухыг хэлнэ. Жишээлбэл: Хүүхдээ авахуулах гэж хүсч байсан ээж тэрхүү гэмдээ шаналан, түүнээсээ болоод хүүхдээ илүү бөөцийлөн хамгаалж, хэтэрхий их хайрыг зориулах тохиолдол байдаг. Хэн нэгэн хэтэрхий найрсаг, ялдам зөөлөн байвал доторх үзэн ядалт, сөрөг сэтгэлээ нууж байж магадгүй юм.
Онцгойлон хайрыг их өгүүлэн хашгирдаг хүнд хайр дутагдсан байдгийг харж болно. Сэтгэлийн шарх ихтэй хүмүүсийн дотор бусдын өвдсөн сэтгэлд зөвлөгөө өгдөг зөвлөгч их байдаг. Монополь дарангуйллыг түлхэн унагахыг хашгирдаг хүн байх тусмаа дарангуйлах хандлагатай, хэтэрхий их нулимстай хүн дотроо маш их атгаг санаа өвөрлөж байх нь бий. Эмэгтэй хүнд маш их дуртай эр хүн эмэгтэйчүүдэд хөндий хүйтэн, тоомжиргүй хандаж, эрэгтэй хүнд дуртай эмэгтэй ихэнхдээ эр хүнд ширүүн хатуу аашилдаг. Системт теологийг заадаг багш хамгийн зохион байгуулалт муутай, түүхийн эрдэмтэд нь үнэндээ түүхэн бус юм. Эдгээр нь бүгд сөрөг үзэгдэл ажээ. Ахадсан, өөрөөр хэлбэл хэтэрсэн үйлдэл нь сөрөг үзэгдэл байх магадлал өндөр байдаг. Тиймээс гадна харагдах өнгө үзэмжээр хүнийг дүгнэвэл амархан алдаа гаргана.
Жон Тэ Ги - "Нууцлагдсан шархны эдгэрэл" номноос...

Friday, September 21, 2012

"End of the spear" кино-Үзэн ядалт ба уучлал



End of the spear киноны трэйлэр


End of the spear-кино бүтэн үзэх

End of the spear хэмээх энэхүү кино нь бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд сайн мэдээний хүчээр, уучлалын хүчээр хэрхэн индиан омог өөрчлөгдөж байгааг харуулдаг.
Энэ сайн мэдээ бол уучлалын сайн мэдээ юм. Бурхан Өөрийн Хүүгээрээ дамжуулан биднийг уучилж, бидэнтэй эвлэрсэн юм.
Энэхүү кинонд Ваодани хэмээх омогт гинжин тойрог шиг бие биенийгээ алж, өшөө хонзонгоо авдаг бичигдээгүй хууль байдаг бөгөөд тэрхүү эцэс төгсгөлгүй мэт өшөө авалт, үзэн ядалтыг Есүсийн сайн мэдээ өөрчилж чадсан юм. Тэрхүү сайн мэдээ бол Бурхан биднийг уучилсан гэдэг сайн мэдээ юм.
Хэрхэн яаж уучилсан юм бэ?
Өөрийн хайртай хүү болох Есүс Христийн үхлээр биднийг сольж авсан юм.
Бурхан намайг тэгтлээ их хайрласан байхад би өөрийн үзэн ядалт гомдол хорслоороо Есүсийн үхлийг үнэгүйдүүлж байжээ гэдгээ нэгэн өдөр ухаарсан юм. Есүсийн үхэл дэндүү үнэ цэнэтэй байсан. Харин би түүнийг нь өөрийн үзэн ядалт, гомдлоороо үнэгүйдүүлж байжээ. Бид үзэн ядах үедээ Есүсийн үхлийг үнэгүйдүүлдэг. Түүний үхлийг дэмий хоосон зүйл байлгахгүй байцгаая.
Сэтгэл дотроо үзэн ядалт тээж явдаг хүн бол Есүс Христийн үхлийн учир шалтгааныг хараахан ойлгож ухаараагүй хүн гэсэн үг. 




Би багаасаа л үзэн ядалтаар дүүрэн өссөн юм. Тэр үед зурагтаар Оросын олон ангит "Баригдашгүй өшөө авагчид" гэдэг кино гардаг байлаа. Тэр кинонд би нугасгүй дуртай. Кинон дээр гардаг хэдэн залуус сайн үйлсийн төлөө өшөө авдаг байсан болохоор би багаасаа л өшөө авалт гэдэг сайн зүйл гэж боддог байсан юм. Анх библээс "Дайснаа хайрла" гэдэг үгийг уншаад ерөөсөө ойлгож чадахгүй байсан. Яагаад гэвэл миний ой тойнд бууж ирэхгүй байсан юм. Яахаараа дайснаа хайрладаг байнаа? Байж боломгүй юм бичих юмаа. гэж бодно. Харин Есүс л намайг өөрчилсөн. Түүний үхэл, Түүний сайн мэдээ нь намайг өөрчилсөн юм.
Түүнтэй адил Есүсийн сайн мэдээг хэлэхээр ирсэн залууг алж, түүний үхлээр дамжуулан нэгэн индиан омог өөрчлөгдсөн энэ гайхалтай киног үзэж сонирхоорой.

Thursday, September 13, 2012

Гашуун үндэс-2

Еврэй 12:14-15

14 Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой.
15 Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.

Дээрх ишлэлд Бурхан маш тодорхой хэлсэн байна. Хүн бүртэй эвтэй байхыг тушаагаад, эс тэгвээс хэн ч аврагдаж чадахгүй гэжээ.
Бид Бурханы нигүүлслээс салахгүйн тулд ямар ч гашуун үндэс ургуулж болохгүй ажээ. Ямар ч гашуун үндэс ургаж, бусдад хор учруулахгүйн тулд сэрэмжил гэжээ.
Бид хэрхэн сэрэмжлэх вэ?
Хамгийн эхлээд бид өөрсдийн гашуун үндсээ зөв оншлон олох нь чухал.
Хүмүүсийн ихэнх шарх нь эцэг эхээсээ авсан шарх байдаг.
Бага наснаасаа, тэр ч бүү хэл эхийнхээ хэвлийд байхдаа хүүхэд шарх авдаг байна. Хэвлийд байгаа хүүхдээ авхуулах талаар бодох, жирэмсэн байхдаа ихээр гашуудан уйлах, цочролд орох, сэтгэл санааны хямралд орох нь хэвлийд байгаа хүүхдэд муугаар нөлөөлдөг билээ. Хэдийгээр тухайн үед ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй ч олон жилийн дараа том болсон хойно ч түүний үр уршиг нь илэрч гарч ирж байдаг байна.

Сэтгэл тань тайван бус, түгшүүртэй байна уу?
Та өөрийгөө маш ихээр буруутган шаналж байна уу?
Нойргүйдэх өвчнөөс болж тарчилж байна уу?
Үхээнц, сүр сүлдгүй байдаг уу?
Хоолны дуршилгүй болж байна уу?
Эсвэл зай завсаргүй идээд байна уу?
Ажлын донтой болсон уу?
Зугаа цэнгэлд амархан автаж байна уу?
Зан ааш тань түргэн ширүүн байна уу?
Тэгвэл танд эдгэрэл хэрэгтэй болсон байна.

Шархны үндэс

Хэн нэгэн хүнийг харахаар, эсвэл хийж байгаа үйлдэлийг нь хараад, эсвэл зан аашнаас нь болоод та тэр хүнд шалтгаангүйгээр дургүй байх, сөргөлдөх, эсэргүүцэх зүйл гарч байсан уу?
Таны эсрэг ямар нэгэн буруу зүйл хийгээгүй байхад та зүгээр л түүнд дургүй. Байгаа байдал нь таалагдахгүй байна гэж бодох үе байдаг байсан уу?
Тэгвэл таны дотор шарх байнаа гэсэн үг.
Яг ямар шарх вэ гэдгийг олохын тулд та анзаарч үзээрэй.
Таны дургүйцээд байгаа хүмүүсийн нийтлэг байдал, төрх ямар вэ?
Монголын олон гэр бүлд хүчирхийлэл их бага хэмжээгээр байдаг. Тэр байтугай багаасаа эсвэл олон жилийн туршид гэр бүлийн хүчирхийлэл дор байхдаа гашуун үндсийг өөртөө бий болгосон байдаг. Тэрхүү гашуун үндэс нь тухайн дарлуулж байсан хүнийхтэй адил шинж байдал илрэх үед гарч ирдэг байна.
Илүү тодорхой болгох үүднээс дараах жишээнүүдийг хуваалцъя.

Сөрөг бодолтой хүн

Би хамт ажиллаж хамт амьдардаг нэг охинтой ердөөсөө таардаггүй байлаа. Түүний ярьж хэлж байгаа үг болгоныг сонсохоор л миний дотроос огшиж ирээд л уур хүрнэ. Амьдралдаа анх удаа шалтгааныг нь мэдэхгүйгээр хүнийг тэгтлээ жигшиж, зэвүүцэж, дургүйцэж үзлээ.  Би бүр өөрийгөө гайхаж хоцордог байлаа. Яагаад би тэр хүнийг юм ярих болгонд уур хүрээд байдаг юм бол гээд толгойгоо гашилтал бодлоо. Бодоод бодоод хариуг нь олдоггүй. Сүүлдээ тэрэнтэй муудалцлаа. Хэрэлдлээ. Үг сөрлөө. Харицахгүй байж үзлээ. Тэгтэл харин харицахгүй байгаад үзсэн чинь дотор аягүй амар тайван болдог байна шдээ. Тэгээд өөрийнхөө амар тайван байдлын төлөө тэрэнтэй юм дуугарахгүй боллоо. Удалгүй тэр ч ажлаасаа гараад яваад өглөө. Үүний учрыг надад ойлгуулж өгөөч гэж Бурханаас гуйлаа. Харин нэгэн удаа цуглааны маань пастор бүтэн сайн өдөр сургааль зааж байхдаа өөдрөг бус бодолтой, сөрөг бодолтой хүний талаар сургааль номлосон юм. Тэр сургаалийн талаар би өөрийгөө дүгнэн, бусад хүмүүстэй харьцуулан бодож байтал тэр найз маань санаанд орсон юм. Тэр ямар хүн байсан бэ гэхээр маш сөрөг бодолтой, гутранги үзэлтэй, дандаа сөрөг зүйл ярьдаг хүн байлаа. Аливаа зүйлийг харахдаа сайн талыг нь харахаасаа илүү муу талыг нь хараад муулдаг, муугаар ярьдаг хүн байсан юм. Ямар нэгэн үйл явдал болоход тэр үйл явдал нь сайнаар ч ярьж болох муугаар ч ярьж болох үйл явдал байхад муугаар нь дүгнэн ярьдаг. Жишээ нь: Ажилчид хувцсаа солиод ажлын унаанд суух үед би арай хоцроод очтол "Чамайг сая яг хаяад явах гэж байлаа шд" гэж хэллээ л дээ. Хэрвээ би оронд нь байсан бол "Чамайг удаад байхаар унаа хөдлөх гэж байсан, ашгүй чи амжлаа" гэж хэлэх байсан байх, эсвэл юу ч дуугарахгүй дуугүй л байх байсан байх. Түүнийг ингэж хэлэх үед миний дотор "Намайг хаяж явах гэж байсан байна" гэж бодох биш, харин "Энэ хүн хэлж байгаа үгээрээ бусдыг хагаралдуулах зүйл хийж байна гэдгээ мэдэж байгаа болов уу? Ямар хэлж байгаа үгээ бодож ярьдаггүй хүн бэ" гэсэн бухимдах сэтгэл төрсөн юм. Энэ мэтчилэн түүний хэлж ярьж байгаа үг миний бухимдал уурыг хүргэхээс өөр зүйлгүй байлаа. Хамт амьдарч ажиллаж байхад ч хүний сайн талыг олж харахаас илүү муу талыг нь олж харна. Тэр битгий хэл сайн талыг нь хүртэл муу тал болгон хардаг байлаа. Хэлж ярьж байгаа үг нь ч бусдыг шүүмжилсэн, нураасан, муулсан үг хэлнэ. Нас залуу хүн бас Бурханд итгэдэг хүн хэрнээ аль хэдийн өөрийгөө өнгөрсөн хүн, ирээдүйгүй хүн гэж ярина.
Хүний амьдралд янз бүрийн л хүн тааралддаг. Гэтэл тэр хүнийг тэгтлээ жигшээд байсан учир нь миний багын нэг шархтай холбоотой байсан юм. Би хойд эцгээсээ хайр авч өсөөгүй юм. Миний санаанд нэгэн үзэгдэл бүдэгхэн санагддаг. Аав согтуу агсам тавиад, ээж бид хоёр айгаад гэрийнхээ хувцастай гадаа даараад зогсож байхад, ээж бид хоёрын хажуугаар нэгэн ачааны тэрэг зөрөн өнгөрөхдөө шалбааг дайран ус үсчүүлэн өнгөрч байсан юм. Тэр дүр зургийг бодохдоо тэр үеийн өөрийгөө би өрөвддөг байлаа.
Аав архи уугаад согтуу ирэх үедээ заримдаа агсам тавина, заримдаа шууд унтаад өгнө, заримдаа учиргүй миний хүүхдүүд, миний хань сайн хүн гээд л магтаад саймширч өгнө, заримдаа өөрийгөө муулж, хараан зүхэж, "Би муу хүн, би маш муу хүн, би адгийн амьтан" гээд л өөрийгөө зүхэж өгдөг байлаа.
Аав маань их гутранги үзэлтэй, өчүүхэн асуудал тулгарахад л сэтгэлээр унаад шаналчихдаг хүн. Байнгын шаналал зовиуртай. Аавын гутранги үзэлтэй, муу амтай, сөрөг бодолтой байдал нь миний нэг шарх байсан байлаа. Тиймээс ямар нэгэн байдлаар намайг унагах гэсэн байдал ажиглагдвал би тэр хүнд шууд дургүй болно.




Ууртай догшин, бардам хүнээр дарлуулж байсан шарх.

Миний явж байсан цуглаанд нэгэн их бардам яриатай хүн байлаа. Тэр хүн надад ямар нэгэн муу зүйл хийгээгүй. Харин ч надад сайн хандаж тусалж байсан. Гэтэл би тэр хүнд үнэхээр дургүй байлаа. Шалтгаан нь тэр хүн их бардам яриатай, бас огцом ууртай. Тэр хүний бардамнан ярих болгонд миний дотроос уур, дургүйцэл буцална. Түүний бардам бас ууртай байгаа байдлаас нь болоод би тэр хүнийг өөрийнхөө хувьд зөвт биш хүн гэж дүгнэнэ. Харин би өөрийнхөө шархыг олж мэдэх үедээ асуудал тэр хүнд биш, харин надад байгааг ойлгосон юм. Тэр хүнийг бардам яриатай огцом ууртай байгаагийнх нь төлөө би Бурханы урдуур ороод тэр хүнийг шүүхийг хүсч байсан юм. Харин энэ бол миний багаасаа авсан нэгэн шархтай холбоотойг би мэдсэн юм.
Би багадаа хойд ахын ширүүн нударган дор өссөн юм. Байнга л зодуулна. Хамарнаас цус гарах бол энгийн үзэгдэл байлаа. Хэрвээ хамарнаас цус гарвал угаа гэж зандарна. Угаахгүй бол бас л зодуулах болно. Тэр хүний байр байдал нь догшин ширүүн, ууртай, бардам. Хэрвээ сэтгэлд нь нийцэхгүй үг хэлвэл "Хуцаад байгаарай новш минь" гэж хэлээд гарт таарсан юмаараа цохино, эсвэл шиднэ. Тэр хүний ийм болсон нь хойд аавын маань үлгэр жишээ байх. Яг адилхан 2 хүн. Асуудлыг уураар эсвэл нударгаар шийддэг. Эмэгтэй хүнд гар хүрэх гэдэг бол хэвийн үзэгдэл, байх ёстой зүйл мэт. Бас маш бардам хүн. Өөрөөсөө бусдыг хог шаар шиг боддог.
Ийм хүнээр зодуулж өссөн учраас ууртай догшин хүн эсвэл бардамнан ярьж байгаа хүнийг харвал шалтгаангүйгээр тэр хүнд дургүй болдог байсан нь миний багын шархтай холбоотойг ойлгосон юм.



Таны хувьд ч гэсэн согтуу хүнээр агсам тавиулж өссөн бол согтуу хүнд дургүй байх жишээтэй. Эсвэл тэр агсам тавьж байсан хүнтэй нь адилхан зан ааштай хүн тааралдах үед тэр хүнд дургүй байх ч юмуу. Та өөрийн өнгөрүүлсэн амьдрал болоод хүмүүстэй харилцаж буй харьцаагаа нэг эргэцүүлэн дүгнээд үзээрэй.


Saturday, September 8, 2012

Хосууд бие биенийхээ эдгээгч нь байдаг.

Шинээр гэр бүл болж байгаа хоёр хос бие биенийхээ эдгээгч нь байдаг. Хүүхэд насандаа авч чадаагүй хайр, халамжаа шинэхэн хосоосоо авсанаар тэр хүний дотор эдгэрэл явагддаг байна. Тиймээс хоёр хос өөрсдийгөө эдгээгч гэдгээ санаж явах хэрэгтэй. Бие биенээ улам илүү таниж мэдэх тусам өнгөрсөн үеийн шархыг нь эдгээж өгөх хэрэгтэй. Хаягдсан шарх байвал, хэзээ ч хаяхгүй гэдгээ ойлгуул. Үл тоогдсон шарх байвал, өөрт нь ямар их үнэ цэнэтэй хүн болохыг нь мэдрүүл. Хүчирхийллийн шарх байгаа бол эелдэг зөөлөн ханд. Үгний шарх байгаа бол үгээр урамшуулан босго. Хэн нэгэн хүнд гомдсон байвал гомдлын үгийг нь сайн сонсож өг. Сонсохдоо зөвхөн чихээрээ биш, зүрх сэтгэлээсээ сонсож өгөөрэй.Хэн нэгэн өөрт нь итгэдэггүй гэвэл хамгийн их итгэж найддаг хүн бол чи гэж ойлгуулаарай.


Гашуун үндэс-1

Гашуун үндэс гэж юу вэ?

Бид зүрх сэтгэлдээ шарх авах үед, бусдад гомдох үед бидний дотор гашуун үндэс бий болдог байна. Амьдралдаа хагацал, зовлон, гомдол, хүнд хэцүү байдлыг амсан туулаагүй хүн ховор буйзаа. Тэрхүү гомдол цөхрөлийг зөв цэгцлээгүйгээс бидний дотор гашуун үндэс бий болдог. Гашуун үндсийг сугалан гаргахгүй бол тэр нь бидний бусадтай харилцах харилцааг нурааж байдаг. Мөн бидний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг байна. Гашуун үндэс тээж яваа хүн бусдад хор хөнөөл учруулж, бусдад ч муугаар нөлөөлж байдаг. Ингэснээр тэд өөрсдийгөө бусад хүмүүсээс тусгаарлаж байдаг. Мөн гашуун үндсийг сугалахаас нааш үргэлж найдваргүй, гутранги байдлаар амьдардаг байна.