Sunday, October 28, 2012

Хадам ээж

Хадам ээжийн талаар онигоо, шог яриа их байдаг. Хадам ээж гэхээр л муу хүний дүрд тоглож, хортой алим хүртэл идэх дээрээ тулдаг шүү дээ.
Гэтэл Яагаад хадам ээж гэдэг энэ хүн тийм нэр хүнд муутай, онигооны эзэн болчихсон юм бэ? 
"Хадам ээж гэж чиний хамгийн хайртай хүний хамгийн хайртай хүнийг хэлдэг." гэсэн нэг үгийг саяхан олж уншлаа. Энэ үгийг уншаад надад нээрээ уг нь тийм шүү дээ гэсэн бодол төрсөн юм. Гэтэл яагаад олон жилийн туршид хүмүүсийн сэтгэл зүйд "хадам ээж" гэдэг үг муу нэр томъёо болчихсон талаар тунгаан бодож үзэцгээе.
"Үхтэл үр харам" гэгчээр эх хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө амиа зориулахад ч бэлэн агуу хайрыг тээсэн хүмүүс байдаг. Харин тэр хайраа хэрхэн зөв илэрхийлэн гаргах вэ гэдгээ олон эцэг эхчүүд мэддэггүй бололтой. Миний хүү, миний охин гэж бөөцийлэн байхдаа буруу хайраар тэднийг хайрладаг. 
Мэдээж олон жилийн туршид бүхнээ зориулан хайрлаж байсан хүүхэд нь гэнэт нэг өдөр өөр хүнийг өөрөөс нь илүү хайрлах үед эх хүний сэтгэл зүйд цохилт өгдөг байж болох юм. 
Хүн гэдэг хайрлах, хайрлуухын тулд өөрөө ч мэдэлгүй өрсөлдөгч нар болчихдог юм шиг. Бага балчираас нь бүхнээ зориулан хайрлаж байсан хүнийг нь дутуу хайрлаад байгаа юм шиг мэдрэмж төрөх үед дайн эхэлдэг буй заа. Харин үр хүүхдүүд нь бага балчираасаа сурсан өөрсдийн хайрлах арга хэлбэрээр бие биенээ хайрлаж байдаг. Үүнд л асуудал байдаг байх.
Ээж нар хүүхдээ хүнтэй суувал нэгэнт хүний хүн болсон учраас амьдралд нь хөндлөнгөөс оролцоод дэмий болов уу гэж би үздэг. Тусдаа амьдарч байгаа тохиолдолд боломжтой хэдий ч, хамт амьдарч байгаа үед яалт ч үгүй асуудал маргаан гардаг нь амьдралын жам юмуу даа.
Эцэг эхчүүд үр хүүхдээ хүнтэй суух үед нь нэгэн тусгаар улс байгуулагдаж байна гэсэн сэтгэл зүйг өөртөө суулгавал асуудал үүсэх нь бага байх болов уу. Нэг хаант улсын хууль дүрэм бусад хаант улсад хамаа байдаггүйтэй адил. Өөрийн гэсэн гэр бүлээ байгуулсан хүнд зөвлөгөө өгөхөөс биш, амьдралд нь оролцох хэрэггүй юм.   




Бурханы үг болох библи дээр хэлэхдээ "Гэр бүл болсон бол, эцэг эхээсээ тусдаа гарч амьдраарай" гэсэн байдаг. Бурхан хүн төрөлхтөн бидний зан араншинг хамгийн сайн мэдэх учраас хамт амьдарвал заавал ч үгүй асуудал үүснэ гэдгийг мэдэж байсан учраас хүн төрөлхтөнд ийнхүү захижээ.
Харин бидний хувьд санхүүгийн боломж тааруугаас тусдаа гарч амьдарна гэдэг асуудал байдаг. Тусдаа гарлаа гэхэд орон сууц тийм ч хямдхан олдохгүй. Байр хөлсөлнө гэхээр хоол ундны мөнгөгүй болчих гээд байдаг. Гэр хороололд амьдарна гэвэл тав тух байхгүй, жижиг сажиг зүйлсээс үүдэн хэрүүл гарах магадлалтай. Гэх мэтчилэн асуудлаас үүдэн бид хадмын хаяаг сахиж, амьдралдаа бас нэгэн асуудал нэмцгээдэг. 
Хадам ээж, эх хүн гэдэг муудаа биш, харин дэндүү их хайрынхаа улмаас буруу хандлага гаргаж байгаа хүн гэдгийг бид ойлгоод, аль болох тусдаа амьдарч заншвал, бидэнд арай асуудал үүсэх нь бага юм. 
Таны хувьд хадамтайгаа хамт орон сууцанд амьдарсан нь дээр үү?
Хадмаасаа тусдаа гэр хороололд амьдарсан нь дээр үү? 
Таны сонголт аль нь вэ?