Thursday, January 3, 2013

Миний дотор явагдаж буй эдгэрэл

Би ээжийнхээ анхны хүүхэд нь. Намайг ээжийнхээ хэвлийд 5 сартай байхад аав ээж хоёрын харьцаа хөндийрч эхэлсэн гэнэ лээ. Ээж маань жирэмсний  үеийн 280 хоногийн 200 өдөр нь уйлсан гэж нэг удаа ярьж байсан. Ээжээс би яагаад төрсөн эцгээс маань салсан юм бэ гэж асуухад "Намайг хайрладаггүй байсан, намайг халамжилдаггүй байсан, намайг тоодоггүй байсан" гэж хэлсэн. Ээжийн энэ шарх миний дотор ч байгааг би олж харсан юм.
Би хүнтэй сууж салаагүй л дээ. Харин явдаг байсан цуглаанаасаа яваад өгсөн. Яагаад гэвэл тэд намайг хайрлаагүй, намайг халамжлаагүй, намайг тоогоогүй. Тэр цуглаан жижиг цуглаан л даа. Надаас бусад нь гэр бүлтэй хүмүүс байсан. Би ганцаараа ганц бие болохоор хүссэн хүсээгүй орхигддог л юм байна лээ. Гэр бүлтэй хүмүүс нь хоорондоо найзалцгаагаад намайг тоохгүй байгаагаа өөрсдөө ч анзаараагүй байх л даа.

Учралаар шархалж, учралаар эдгэнэ

Миний Монголд байхдаа явдаг байсан цуглаан их олон хүнтэй. Ямартаа л би 3 жил явахдаа цуглааныхаа пастортай гурван удаа л тааралдаад мэндэлж үзсэн. Дөнгөж анх тэр цуглаанд явж эхэлж байхад би дотроо "Энэ пастор  ганган машинд сууж ирээд лекц тавьчихаад ганган машиндаа суугаад яваад өгдөг, энэ хүн цуглааны пастор биш, Улсын Их Хурлын гишүүн юм байхдаа" гэж боддог байлаа. Нэг өглөө би өглөөний залбиралд суухаар очиход тэр пастор маань өглөөний залбиралыг хөтөлж байв. Тэр үед пастор маань уйлаад "Би сайн пастор байж чадаагүй бол намайг уучлаарай" гэж хэлэх үед би пастораа уучилсан юм даа. Дахиж тэр пасторынхаа талаар сөрөг бодол тээхээ больсон.
Солонгост ирээд явсан цуглаан маань пасторгүй цуглаан байлаа. Харин одоо явж байгаа цуглаан маань пастортай цуглаан. Бас миний утсан дээр пасторын маань утасны дугаар тэмдэглээстэй байгаа. Би хүссэн үедээ залгаад ярьж чадна. Бас над шиг эмэгтэй хүн болохоор санаа зоволгүй юм ярьж болно. Би энэ цуглаанд ирээд анх удаагаа пастортайгаа удаан хамт байж үзсэн. Нэг бол хөндий хүйтэн хойд эцэг шиг танихгүй пастор биш, нэг бол намайг гээд нэг ч удаа ирээгүй төрсөн эцэг шиг минь байхгүй пастор биш, харин миний хажууд байж, намайг хайрлаж байгаа пастор маань миний эдгэрэл болж байгаа.

Дарангуйлагч

Саяхан "The Dictator" гэдэг нэртэй кино үзлээ. Дарангуйлагч гэсэн утгатай үг юм байна. Бага наснаасаа сонсож өссөн нэг үг гэнэт санаанд маань орсон юм. "Та нар жаахан диктатуртай байгаач" гэсэн аавын үргэлж хэлдэг үг. Тухайн үедээ энэ үгийг эмх замбараатай байх гэсэн утгатай үг гэж ойлгож байсан юм. Гэтэл дарангуйлал дор хүлцэнгүй байгаач гэсэн утгатай үг байсан юм байна шдээ. Дарангуйлагч дарангуйлагчийг төрүүлдэг гэдэг. Би өөрийгөө дарангуйлагч гэж боддоггүй байлаа. Харин өөрийнхөө үйлдэж буй зүйлсийг ажиглаад би өөрийгөө аймшигтай дарангуйлагч болохоо олж харсан юм. Хамт амьдардаг Вьетнам охин маань хувийн төлөвшил муутай. Алхам болгонд нь би ингэ, тэг гэж зааж зааварлана. Сүүлдээ тэр надад дургүй болж, миний үгийг сонссон ч сонсоогүй юм шиг царайлдаг боллоо. Миний хэлж байгаа үгийг даруу зүрхээр дуулгавартайгаар хүлээж авахуулах гэж би хүчлэнэ. Сүүлдээ би өөрийгөө түүнийг өөрийнхөө хүслээр амьдруулах гэж хичээж буй дарангуйлагч болохоо ойлгосон юм. 




Би арван жилд сурдаг байсан үед. Хэддүгээр ангид байснаа санахгүй байна. Манай гэрт хамаатны нэг охин нэгдүгээр ангид сурахаар хөдөөнөөс хот руу ирсэн юм. Хамаатныхаа гэрт амьдарч буй 6 настай бяцхан охин хааяа худал ярьчихдаг байлаа. Би үүнийг нь болиулах гэж нэг удаа тэр бяцхан охиныг хойшоогоо савж унатал нь алгадсан юм. 
Би өөрийгөө ажиглаад дарангуйлагч хүний хүсэл нь юу болохыг мэдсэн юм. 
Тэдний хүсэл бол өөрийнх нь удирдлаган дор байдаг хүмүүс өөрөөс нь айх ёстой, эмээсэн зүрх сэтгэлээр харьцах ёстой, өөрийг нь үл тоомсорлож болохгүй, хэлсэн үгэнд нь орох ёстой. Хэрэв дуулгавартай байхгүй бол маш их уурлан хатуу шийтгэж, шанг нь өгнө.


3 настай байхдаа ааваасаа хагацсан залуу

Нэг залуу надтай утсаар танилцъя гээд, би ч зөвшөөрлөө. Тэр их яриа залуу байсан болохоор хувийнх нь амьдралыг асууж, сонжиж үзлээ. Юугаа ч нуулгүй, илэн далангүй ярьж байгаа нь надад завшаантай хэрэг болсон юм. Тэр залууг 3 настай байхад аав нь ээжээс нь салаад явчихсан, тэгээд ээж нь өөр хүнтэй суугаад багаасаа эмээ өвөө дээрээ өссөн болохоор ээжтэйгээ дотно биш, хойд аавтайгаа бол бүр ч харьцдаггүй. өвөөгөө аав шигээ бодож өссөн гэж байсан. Харин би түүнээс төрсөн ааваа мэдэх үү? гэж асуухад нэг удаа л хүнээр заалгаж холоос харж байсан гэж хэллээ. Тэгээд би түүнээс аавтайгаа уулзахыг хүсдэг үү? гэж асуухад "Арван жилд байхдаа аавыгаа зодох юмсан гэж боддог байсан, харин одоо бол ааваараа тэврүүлээд уйлах юмсан гэж боддог. Аавын халуун тэврийг мэдэрмээр байна" гэж хэлсэн юм. Энэ үгийг сонсоод би нулимсаа барьж чадаагүй. Азаар би утсаар ярьж байсан болохоор миний уйлахыг тэр мэдээгүй л дээ.


No comments:

Post a Comment