Sunday, October 28, 2012

Хадам ээж

Хадам ээжийн талаар онигоо, шог яриа их байдаг. Хадам ээж гэхээр л муу хүний дүрд тоглож, хортой алим хүртэл идэх дээрээ тулдаг шүү дээ.
Гэтэл Яагаад хадам ээж гэдэг энэ хүн тийм нэр хүнд муутай, онигооны эзэн болчихсон юм бэ? 
"Хадам ээж гэж чиний хамгийн хайртай хүний хамгийн хайртай хүнийг хэлдэг." гэсэн нэг үгийг саяхан олж уншлаа. Энэ үгийг уншаад надад нээрээ уг нь тийм шүү дээ гэсэн бодол төрсөн юм. Гэтэл яагаад олон жилийн туршид хүмүүсийн сэтгэл зүйд "хадам ээж" гэдэг үг муу нэр томъёо болчихсон талаар тунгаан бодож үзэцгээе.
"Үхтэл үр харам" гэгчээр эх хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө амиа зориулахад ч бэлэн агуу хайрыг тээсэн хүмүүс байдаг. Харин тэр хайраа хэрхэн зөв илэрхийлэн гаргах вэ гэдгээ олон эцэг эхчүүд мэддэггүй бололтой. Миний хүү, миний охин гэж бөөцийлэн байхдаа буруу хайраар тэднийг хайрладаг. 
Мэдээж олон жилийн туршид бүхнээ зориулан хайрлаж байсан хүүхэд нь гэнэт нэг өдөр өөр хүнийг өөрөөс нь илүү хайрлах үед эх хүний сэтгэл зүйд цохилт өгдөг байж болох юм. 
Хүн гэдэг хайрлах, хайрлуухын тулд өөрөө ч мэдэлгүй өрсөлдөгч нар болчихдог юм шиг. Бага балчираас нь бүхнээ зориулан хайрлаж байсан хүнийг нь дутуу хайрлаад байгаа юм шиг мэдрэмж төрөх үед дайн эхэлдэг буй заа. Харин үр хүүхдүүд нь бага балчираасаа сурсан өөрсдийн хайрлах арга хэлбэрээр бие биенээ хайрлаж байдаг. Үүнд л асуудал байдаг байх.
Ээж нар хүүхдээ хүнтэй суувал нэгэнт хүний хүн болсон учраас амьдралд нь хөндлөнгөөс оролцоод дэмий болов уу гэж би үздэг. Тусдаа амьдарч байгаа тохиолдолд боломжтой хэдий ч, хамт амьдарч байгаа үед яалт ч үгүй асуудал маргаан гардаг нь амьдралын жам юмуу даа.
Эцэг эхчүүд үр хүүхдээ хүнтэй суух үед нь нэгэн тусгаар улс байгуулагдаж байна гэсэн сэтгэл зүйг өөртөө суулгавал асуудал үүсэх нь бага байх болов уу. Нэг хаант улсын хууль дүрэм бусад хаант улсад хамаа байдаггүйтэй адил. Өөрийн гэсэн гэр бүлээ байгуулсан хүнд зөвлөгөө өгөхөөс биш, амьдралд нь оролцох хэрэггүй юм.   




Бурханы үг болох библи дээр хэлэхдээ "Гэр бүл болсон бол, эцэг эхээсээ тусдаа гарч амьдраарай" гэсэн байдаг. Бурхан хүн төрөлхтөн бидний зан араншинг хамгийн сайн мэдэх учраас хамт амьдарвал заавал ч үгүй асуудал үүснэ гэдгийг мэдэж байсан учраас хүн төрөлхтөнд ийнхүү захижээ.
Харин бидний хувьд санхүүгийн боломж тааруугаас тусдаа гарч амьдарна гэдэг асуудал байдаг. Тусдаа гарлаа гэхэд орон сууц тийм ч хямдхан олдохгүй. Байр хөлсөлнө гэхээр хоол ундны мөнгөгүй болчих гээд байдаг. Гэр хороололд амьдарна гэвэл тав тух байхгүй, жижиг сажиг зүйлсээс үүдэн хэрүүл гарах магадлалтай. Гэх мэтчилэн асуудлаас үүдэн бид хадмын хаяаг сахиж, амьдралдаа бас нэгэн асуудал нэмцгээдэг. 
Хадам ээж, эх хүн гэдэг муудаа биш, харин дэндүү их хайрынхаа улмаас буруу хандлага гаргаж байгаа хүн гэдгийг бид ойлгоод, аль болох тусдаа амьдарч заншвал, бидэнд арай асуудал үүсэх нь бага юм. 
Таны хувьд хадамтайгаа хамт орон сууцанд амьдарсан нь дээр үү?
Хадмаасаа тусдаа гэр хороололд амьдарсан нь дээр үү? 
Таны сонголт аль нь вэ? 

Saturday, October 27, 2012

Бид ямар хүнд дурладаг вэ?

Бид хэнд ч хамаагүй дурладаггүй. Бидний сонголт маш гүн гүнзгий өвөрмөц шинжтэй байдаг. Бид яагаад олны дундаас "Тэр нэгэн"-д дурладаг вэ?
Гол төлөв бид ижил үндэс угсаа, нийгэм эдийн засгийн байр суурьтай хүмүүст дурладаг болох нь судалгаагаар батлагдсан. Нас, оюун ухааны түвшин, боловсролын түвшин, сонирхол, гаднах үзэмж гэх мэт. Гэхдээ тантай ижил түвшний 40 хүн байгаа өрөөнд та орлоо гэж бодъё. Мэдээж та бүгдэнд нь дурлахгүй. Бид чухамдаа яаж хайртыгаа сонгодог юм бол?
Бидний сонголтонд нөлөөлдөг тоо томшгүй хүчнүүдийн нэг бол бидний бага наснаас маань ухамсаргүйгээр бүрэлдсэн зан чанарууд байдаг. Эхийн тань хурц ухаан, аавын тань спорт, улс төрийн сонирхол, ах эгчийн тань дуртай, дургүй зүйлс, багш, найз нарын тань үнэт зүйлс, мэдээллийн хэрэгслээр авсан мэдээлэл, бага насны мөн насанд хүрсэн үеийн бүх туршлага таны идеал найз залуу/бүсгүйн хэв загварыг бий болгож, дахин хэлбэржүүлж байдаг.
Өсвөр насны үе гэхэд бидний сэтгэлийг татах зан чанар, төрх байдал, хандлага, хүмүүжил, хэв маягийн жагсаалт бий болчихсон байдаг. Хэн нэгэн гарч ирж, бидний "хайрын газрын зураг"-т орж ирмэгц тархины холбоосууд ажиллаж, янз бүрийн химийн урвал явагдаж, хайж байсан яг тэр хүн мөн гэсэн дохио өгдөг. Бага насны туршлага, амьдралын түвшин, үнэт зүйл, гадаад үзэмж зэргээс гадна бидний сонголтонд нөлөөлөх хүчин зүйлс олон байдаг.
Өөр нэг хүчин зүйл бол биологи: Эмэгтэйчүүд ухамсаргүйгээр өөрийн дархлалын системээс өөр эрчүүдэд илүү татагддаг. Үүнийг эмэгтэйчүүд үнэрээр мэдэрдэг.
Өөрөөсөө тэс өөр хүнд бид татагддаг юмуу, эсвэл өөртэйгээ ижил хүнд бид дурладаг юмуу?
Хатуу тогтсон хэв загвар гэж байдаггүй.  
Экстраверт төрлийн хүмүүс буюу нийтэч, гадагшаагаа төрлийн хүмүүс нь ихэвчлэн экстраверт төрлийн хүмүүстээ татагддаггүй. Интроверт төрлийн буюу дотогшоо, дуугүй төрлийн хүмүүс мөн ижил интроверт төрлийн хүмүүстээ татагддаггүй. Зарим тохиолдолд хүмүүс ижил зан араншинтай хүмүүст татагддаг. Зарим тохиолдолд дутууг нь нөхөх хүнийг ч сонгодог. 
Бидний зан чанарын 50% нь "темперамент"-аас шалтгаалдаг. Энэ нь бидний генетиктэй холбоотой бөгөөд бидний сонголтонд ч нөлөөлдөг. 
523,622 хүнээс хийсэн судалгаагаар эрэгтэй болон эмэгтэй хүний аль аль нь өрөөөсөө эсрэг буюу өөрөөсөө өөр темпераменттай хүнд илүү татагддаг болох нь судалгаагаар харагджээ. 
Хүмүүс бид дурлаж, шохоорхохдоо тэр хүнийхээ нийгмийн байдал, зан төлөв, зүс царайг хардаг ч ухамсаргүйгээр тэр хүндээ дурлах тохиолдол ч байдаг. 
Бид дутуугаа нөхөхийн тулд ухамсаргүйгээр дурладаг. 
Багаасаа авч чадаагүй хайраа нөхөхийн тулд хэрэгтэй байсан тэр хайрыг нь мэдрүүлэх хэн нэгэн гарч ирэх үед ухамсаргүйгээр тэр нэгэн хүн рүү татагддаг. 




Анхны харцаар дурладаг гэдэгт та итгэдэг үү?
Та тэр хүнийхээ зан ааш, нийгмийн байдлыг мэдэхгүй, сайн танихгүй ч, анх хараад л ухаанаа алддаг. Үүнийг би хувьдаа жинхэнэ дурлал гэж хэлнэ. 
Мөн дасаад дурласан хүмүүс ч байдаг.
Ихэнх тохиолдолд өнгөрсөн амьдралдаа туулж, амссан зүйлсээсээ болоод ухамсаргүйгээр дурлах тохиолдол байдаг. 
Хүү ээжээсээ, охин ааваасаа анхны хайрыг мэдрэн, хүйс нэгтэй эцэг эхээ өөрийн давж чадахгүй өрсөлдөгч гэж ухамсарлаж, түүний бүх үйлдлийг нь хуулбарлан дуурайх гэсэн сэтгэл зүйн онцлог байдаг. Хүйс ондоо эцэг эхээсээ анхны хайрыг мэдрээд, дараа нь анхны хайртай нь ижилхэн хүн таарвал дурладаг байна. Тиймээс төрсөн эцэг эхтэйгээ ижил хүнтэй гэрлэх магадлал өндөр гэсэн үг юм. 
Эмэгтэй хүн дээр жишээ авъя. Охин хүүхдийн анхны хайр нь эцэг нь байдаг. Тиймээс аавтай нь адилхан хүн таарвал дотно санагддаг ажээ. Аавтай нь ижил царайтай, ижил зан чанартай хүн байвал ухасаргүйгээр түүнд татагддаг байна. Жишээ нь аав нь яриа хөөрөөтэй, нийтэч хүн байвал яриа хөөрөөтэй нийтэч хүн таалагдаж, аав нь дуу цөөтэй, даруухан байвал дуу цөөтэй даруухан хүн таалагдах жишээтэй. Эрэгтэйн хувьд ч ялгаагүй. 

Хагас өнчин хүүхдийн тохиолдол

Хагас өнчин, ээж юмуу аавтайгаа өссөн хүүхдүүдэд асуудал илүү ноцтой байдаг. Эдэнд хуулбарлан дуурайх хүн, анхны хайрын эзэн гэж байхгүй, өсөж байгаа нөхцөл нь ч сайн биш. Аавгүй өссөн эрэгтэй хүүхдэд хуулбарлан дуурайх хүн байхгүй учраас том болсныхоо дараа жинхэнэ эр хүний шинж чанар, урагш давших хүч, дайчин зангаар дутмаг байдаг. Харин ээжтэйгээ илүү дотно харьцаатай учраас эмэгтэйлэг шинж давамгайлна.
Аавгүй өссөн эмэгтэй хүүхдийн хувьд анхны хайрын туршлага байхгүй учраас хайрлах аргыг сайн мэдэхгүй, эр хүнээс дөлөн зайлсхийх хандлагатай ч сэтгэлдээ үргэлж хайраар цангаж, аавтай нь адилхан харагдах хүнээс хайр эрж байгаад, хэн нэгэнд сэтгэлээ амархан өгдөг. Ихэвчлэн гэрлэсэн, эхнэр хүүхэдтэй эр хүнийг хайрлах юмуу насны зөрөөтэй хүнтэй гэрлэх хандлагатай ажээ. Эсрэгээр ээжгүй өссөн эрэгтэй хүүхэд эмэгтэй хүнээс айж түгшин, дөлөн зайлсхийх хандлагатай учраас гэрлэсэн, нөхөр хүүхэдтэй, нас ахимаг эмэгтэйн хайранд амархан автдаг байна.
Ээжгүй өссөн эмэгтэй хүүхэд ямар байх вэ? Тэд ихэнхдээ өөрийгөө золиослон, гаргууд нь гаргахад бэлэн байдаг. Золиослох зан нь маш хүчтэй учраас бусдын төлөө өөрийгөө дуртайяа зориулна. Анхны хайрын эзэн аавд нь эхнэр байхгүй байх нь охины хувьд маш хүнд үүрэг хариуцлагыг мэдрүүлдэг. Тиймээс аавынхаа төлөө би өөрийгөө золиослох ёстой гэсэн бодлоор өсдөг гэсэн үг юм.

Хорвоод мэндлэнгүүтээ эхийгээ алдсан нэгэн эрийн жишээг дурдъя. Тэр ганц аавтайгаа өсчээ. Бусдаас онцгой содон төрхтэй, царайлаг залуу болсон тэрээр Эзэний зарц болно гэх хүсэл өвөрлөн библийн сургуульд орсон байна. Үе тэнгийнх нь охид түүний араас их дагах боловч тэр тэднийг огт анхаарсангүй. Харин өөрөөсөө зургаа долоон насаар эгч эмэгтэйчүүдэд сайн байв. Эцэст нь долоон насаар эгч авралын зар тараагч эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж гэрлэжээ. энэ нь уг эрэгтэй сэтгэл зүйн хувьд ээжтэйгээ гэрлэсэнтэй адил хэрэг болж байгаа юм. Тэр гэрлэмэгцээ яг л жаахан хүүхэд шиг нас ахимаг эхнэрээсээ зүүгдэж эхэлжээ. Нөхрийн маань байдал нэг л хачин байна гэдгийг ажиглаж ухаарахад эхнэрт нь нэг их хугацаа шаардсангүй. Эмэгтэй өөрийгөө эр хүн биш жаахан хүүхэдтэй гэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж, маш том зөрчилд автжээ. Нөхөртэйгээ яриа нь огт таарахгүй байв. Тэгээд нэг л мэдэхэд эхнэр нь яг хүүхэдтэй харьцаж байгаа мэт нөхөртөө хамаагүй хандаж эхэлжээ. Нөхрийнх нь найзууд айлчлан ирвэл нөхрөө хойш болгон байр суурийг нь ганцаараа эзэгнэн яриа өрнүүлж, нөхөр нь дундуур нь орвол ууртайгаар буруутгана. эцэст нь удалгүй нас ахимаг эхнэр нь хүүхэд шиг аашлах нөхрөө хаяад, өөр эрд дурлан, гэрээсээ явсан юм. Эгчмэд эхнэрээсээ салсан залуу хэсэг хугацааны дараа дахин гэрлэсэн боловч бас хүссэнээр нь амжилттай болж чадсангүй. Учир нь түүний зүрхэн дотор ээжийгээ хайн тэнүүчлэх жаахан хүүхэд ороод суучихсан тул насаар дүү эмэгтэйчүүдээс хайр халамжийг мэдэрч чадахгүй байжээ. Түүгээр ч зогсохгүй ээж гэдэг загвар байгаагүй учраас өөрийн эхнэрт хэрхэн хандах ёстойгоо ч мэддэггүй байна.

Миний хувьд гэвэл би эмэгтэй хүн. Тийм учраас эр хүнийг үнэлж дүгнэх тодорхойлолтыг ааваасаа хүлээн авах ёстой юм. Би хойд эцэгтэй өссөн бөгөөд бага балчир насандаа аав ах хоёроороо зодуулж, загнуулж, хатуу чанга эрчүүдийн дор өссөн учраас бага наснаасаа миний эр хүний тухай бодол нь алдаатай буруу хэвшсэн гэсэн үг. Эр хүн гэдэг миний хувьд аймшигт дарангуйлагч байсан учраас бага байхдаа хэзээ ч хүнтэй суухгүй гэж боддог байлаа. Тийм учраас миний хувьд эр хүнд дурлах тал дээр асуудалтай гэсэн үг. 
Миний анхны дурлал эхнэр хүүхэдтэй хүн байсан. Би тэр хүний ямар нэгэн зүйлд нь татагдаагүй. Бодлоороо дурлаагүй гэсэн. Харин нэг мэдэхэд л зүрх минь дурлачихаад, хүчтэй цохилоод байсан. Эхнэртэй хүн байсан учраас мэдээж энэ дурлал маань бүтээгүй. Харин дараа нь нэг залууд сайн болсон юм. Тэр залуу анхны хайртай минь адилхан инээдэг залуу байсан. Түүнд дурлахад тэр бас нөлөөлсөн ч байж магадгүй. Бас биеэ авч явж байгаа нь их төлөвшсөн, аав хүн шиг зан чанартай байсан нь миний нүдэнд төгс хүн шиг харагдаад сайн болж орхисон. 
Үүнээс дүгнэлт хийхэд миний дотор төгс аавыг хайсан, сайн ааваар хайрлуулахыг хүссэн сэтгэл байгаа учраас сайн аав хүн шиг, төлөвшсөн эр хүнийг харвал тийм хүнээс хайр авахыг хүсдэг байна.

Ашигласан материал: 
Нуучлагдсан шархны эдгэрэл ном
setgel.org

Monday, October 22, 2012

Ганцаардал

Ганцаардал гэдэг зүйл юунаас болж үүсдэг юм бэ? 
Өөрийг нь ойлгох хүн байхгүй мэт санагдах үед, хэн нэгэн хүн хажууд нь байж дэмжихгүй үед, өөрийг нь хүлээн авахгүй үед, мөн бардам зангаасаа болж ганцаардаж болох юм. Ганцаардал мэдрэгдэх үед үүнээс гарах арга хэмжээ авахыг оролдож янз бүрийн арга хэрэглэдэг. Зарим нь тамхи татаж, зарим нь архи ууж, зарим нь зугаа цэнгэлээр ганцаардлаа тайлахыг хичээдэг. Тэглээ гээд ганцаардлын асуудлыг бүрэн шийдэж чадахгүй юм. 
Та ганцаардаж байна уу? 
Таны зүрх сэтгэл хоосон мэт санагдаж байна уу? 
Бусад хүмүүс таныг ойлгохгүй байгаа мэт санагдаж байна уу?



Бидний дотор хоосон орон зай бий болох үед бид ганцаардлыг мэдэрдэг. Тэр орон зайг буруу зүйлээр дүүргэснээр хэзээ ч ганцаардлаас гарч чадахгүй. 
Ганцаардлаас гаргаж чадах жинхэнэ Эзэн бол Есүс юм. Есүсийг мэдлээ гээд, Есүсийг таньдаг боллоо гээд ганцаардлаас гарахгүй. Харин Түүнтэй гүнзгий дотноор нөхөрлөх хэрэгтэй. Тэр бол жинхэнэ найз. 

Өөрийгөө голох сэтгэл биднийг өсгөдөг

Адлер өөрийгөө голох сэтгэл биднийг өсгөх чухал шалтгаан болдгийг сануулж байна. Түүний үгээр бөгтөр нуруутай гэж өөрийгөө голох сэтгэл байгаагүй бол Адлер гэдэг агуу эрдэмтэн төрөхгүй байсан ажээ.
Адлер бага сургуулийн дөрөвдүгээр анги хүртлээ өөрийгөө хэтэрхий их голдог байснаас болоод найз нартаа тэнэг мангар гэж ад үзэгддэг байжээ. Гадуурхагддаг байсан гэсэн үг. Байдал үнэхээр ноцтой байсан учраас багш нь түүний аавыг дуудаж, иймэрхүү зөвлөгөө хүртэл өгч байсан гэдэг юм. "Адлерыг цаашид сургуульд явуулалгүй, болж өгвөл хурдхан шиг гутал засаж, цэвэрлэхийг заавал ямар вэ? Тэр нь Адлерт дээр юм шиг байна."
"Би ч гэсэн багш тантай санал нэг байна. Гэвч гутал засдаг болгосон ч бага сургууль төгсгөх хэрэгтэй биш үү?"
Эцэг нь зөрүүдлэн байж, арайхийн Адлерыг бага сургууль төгстөл явуулахаар болжээ. Харин бага сургуулийн дөрөвдүгээр ангид нэгэн явдал болсон байна. Багш нь самбарт математикийн бодлого бичээд, бодох хүн байвал гараа өргө гэжээ. Тэгэхэд олон хүүхэд гараа өргөхөд итгэмээргүй нэгэн явдал болсон нь хамгийн ард сууж байсан Адлер тээнэгэлзэн гараа өргөн боссон хэрэг байлаа. Сургуульд ороод 4 жил үг дуугараагүй, юм бүхний сүүлд ордог Адлер урд гарч, математикийн бодлого бодно хэмээн боссон юм. Хүүхдүүд бүгд чанга инээлдсэн боловч багш нь боломж өгөхөөр шийджээ. Бодлогыг тэр зөв бодчихоод суудалдаа сууж, тэр өдрөөс эхлэн сод ухаантны шинжийг харуулж эхэлжээ.



Бид өөрсөддөө байгаа өөрийгөө голох сэтгэлээ гишгэн, тулаад босох ёстой. Бидэнд байгаа өөрийгөө голох сэтгэлээ завшаан хэмээн бодож, ашиглан өсөх ёстой юм. Яг Адлер шиг гэсэн үг.

Нууцлагдсан шархны эдгэрэл номноос.

Wednesday, October 17, 2012

Бидэнд байгаа өөр хэлбэрийн аавууд


    Бидэнд байгаа өөр хэлбэрийн аавууд   

1. Хүйтэн хөндий эсвэл хүлцэнгүй эцэг
     a. Хайрын илэрхийлэл бага.  
b.Хүүхдээ өөрийнхөө хайртай гэдгийг мэддэг гэж үзээд хэлдэггүй
Үр дагавар: Тэр хүүхэд Бурханыг хүлцэнгүй, түүнийг халамжлах юм уу анхаарал тавьдаггүй гэж боддог. Бурхан түүнд хайртай гэдэгт итгэхэд хэцүү болдог.




2. Эрх мэдэлт эцэг
      a. Хийх болон хийх ёсгүй зүйлсийн талаар жагсаалттай.
b. Хүүхэддээ чухал зүйлийн талаар “ҮГҮЙ” гэж хэлдэг.
c. Хүүхдийнхээ хүсэл зорилгод анхааралгүй,
     өөрийнхдөө л анхаарал тавьдаг.
d. Дотно харилцаагаа илэрхийлдэггүй- Зөвхөн үгэнд орж       
                            дуулгавартай байхыг л хүсдэг.
Үр дагавар: Хүүхэд нь тэр харилцааг сайн зүйл гэхээсээ илүү дүрэм журмын доор байгаа мэтээр хариу ханддаг болно.




3. Харгис эцэг
         a.Санаатайгаар хүүхдүүдээ зовоон сэтгэл, мэдрэл, бие махбодь
          тэр ч бүү хэл заримдаа сурлагын дүнг барин шархыг өгдөг.
Үр дагавар: Өөрийн тэр мэдрэмжээ устган үгүй болгосноор Бурхантай эцэг хүүгийн харилцаанд гүн гүнзгий өөрчлөлт нөлөөг үзүүлнэ.
.
4.  Байхгүй эцэг
      Хүүхдээ төрөхийн өмнө нас барсан юм уу нэг ч удаа харж байгаагүй эсвэл гэр бүлээ хаясан юм уу эхтэй нь салсан эцэг ч байж болно.
a. Хүүхэд нь түүнд хэрэгтэй цаг үе байхад орхин одож
     хүнд хэцүүг туулахад нь туслаагүй.
b. Хүүхдийн бие махбодийн эцгээсээ болоод хаягдаж
      бусдаас үл тоомсорлолыг авдаг.
Үр дагавар: Тэнгэрлэг Эцэгийн харилцааг мэдрэхэд
                       саад хаалт болдог.



5. Зэмлэгч эцэг
   a. Тэр хүүхэддээ хайртай гэж бодсоноороо зүтгэдэг.
b. Хүүхдийнхээ бүх бүтэлгүйтлийг дүгнэдэг.
 c. Хүүхдийнхээ алдаа, бүтэлгүйтлийг илчлэн зааж хэлснээр
    зөв  болгон дараа нь арай дээр болгох гэж хичээдэг.
d. Хүүхэд рүүгээ хандсан хайр нь жаахан ч гэсэн
   үнэн юм шиг харагддаггүй.
Үр дагавар: Тэнгэрлэг Эцэгийн хайрыг ойлгоход
                      хэцүү бэрхшээлтэй байдаг.

Эх сурвалж: http://blog.daum.net/mongollove блогоос. 

Wednesday, October 10, 2012

Гэр бүлийн өв

Гэр бүлийн өв гэхээр өмнө нь миний ой тойнд эд хөрөнгөө өвлүүлэх, ажил мэргэжлээ өвлүүлэх гэх мэт зүйлс л бодогддог байлаа. Харин эцэг эхчүүд үр хүүхэддээ янз бүрийн өв үлдээдэг гэдгийг олж мэдсэн юм.

Эцэг эхчүүд үр хүүхэддээ ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг өв өвлүүлдэг. Зарим эцэг эхчүүд үр хүүхэддээ компаний захирал болох өв өвлүүлдэг бол зарим эцэг эх багш болох өв үлдээдэг. Зарим нь жирийн албан хаагч болох өв өвлүүлдэг бол зарим нь улсын их хурлын гишүүн болох өв өвлүүлдэг. Энэ нь мэдээж эцэг эхийн танил тал, арын хаалга биш, харин багаас нь дотор нь суулгаж өгсөн хүмүүжил юм. Зарим эцэг эхчүүд өөрсдөө ч мэдэлгүй хүүхдээ архичин болох, хулгайч болох, буруу замаар амьдрах өвийг өвлүүлж байдаг.
Нэгэн удаа дүү маань аав дээр хүрч ирээд "Ааваа, би Улсын Их Хурлын гишүүн болноо" гэж хэлтэл, аав өөдөөс нь ууртайгаар "Олон юм битгий яриад бай" гэж хэлснийг би огт мартдаггүй. Мэдээж дүү маань Улсын Их Хурлын гишүүн болоогүй. Учир нь аав маань дүүд минь тийм өв өвлүүлээгүй юм.
Маш олон эцэг эхчүүд энгийн яриан дээрээ л үр хүүхдээ харааж байдаг. Миний мэдэх нэг гэр бүлийн ээж нь байнга л "заяагүй" гэдэг үгийг хэлдэг байлаа. Жаахан л азгүйтэл, бүтэлгүйтэл дээр "заяагүй" гээд хувь заяаг нь үгүйсгээд байхаар ямар олигтой хувь заяагаар амьдрах юм бэ. Монголчууд бид "Амны билгээс ашдын билэг" гэж ярьцгаадаг. Христ итгэгчид бид "Амаараа юу тарина түүнийгээ хурааж авна" гэж итгэдэг хэрнээ яагаад өөрсдийн үр хүүхдээ хараагаад байдаг юм бэ!.
Бидний үр хүүхэддээ өвлүүлэх нэн тэргүүний өв бол ерөөлийн өв юм.
Сайн сайхан амьдралаар амьдрах ерөөлийг бид хэлж байвал, тийм л өв өвлөгдөн үлдэх болно.
Мөн бидний зайлшгүй үлдээдэг нэгэн өв бол бидний хүүхэдтэйгээ харьцаж буй харьцаа юм. Бид хүүхэдтэйгээ яаж харьцана, тэд ч мөн ирээдүйд үр хүүхэдтэйгээ тэгж л харьцах болно.
Гэр бүл гэдэг, эцэг эх гэдэг хүнийг бүтээдэг үйлдвэрийн газар. Та хүүхэдтэй л бол та хүн бүтээж байгаа. Ямар хүн болон өсөж төлөвших вэ гэдэг танаас л шалтгаална. Манай эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэх мэдлэг дутмаг. Тэр хэрээрээ хүүхдээ буруу хүмүүжүүлчихээд, "Биеийг нь төрүүлэхээс, ухааныг нь төрүүлэхгүй" гэж хэлээд байж байдаг. Үнэндээ таны өөрөө ч мэдэлгүй бүтээсэн бүтээл тантай харьцаж байдаг. Эцэг хүн байх, эх хүн байх гэдэг энэ том зүйлийг зааж зааварлаж өгдөг тусгай байгуулга манай улсад маш их хэрэгтэй. Бид мэдэхгүйгээсээ болж алддаг. Анхнаасаа үнэн зөвийг хэлээд өгчихсөн бол ингэж олон гэр бүл салж, хүүхэд өнчрөхгүй байх байсан.
Гэр бүлийн мэдлэг олгох байгуулга хэрэгтэй  гэж хэлж байгаа нь бидний эцэг эхчүүд өөрсдөө бидэнд заагаад өгчих мэдлэг хомс байна шүү дээ. Хэрвээ бид гэр бүлийн мэдлэгтэй болчихвол үр хойчдоо багаас нь амьдралдаа алдахаас нь урьдчилан сэргийлж чадна.



Ээжийн өв 
Ээж маань эрүүл ахуйч эмч мэргэжилтэй. Тийм болохоор багаас минь хоол идэхийн өмнө заавал гарыг маань угаалгаж сургасан. Гараа угаахгүй юм идвэл "Бохир гаранд тэдэн сая микров байдаг" гэж ирээд л юм идэх хүсэлгүй болтол ярина даа. Гэтэл одоо юм идэхийн өмнө гараа угаах гэдэг бол миний заавал хийдэг зүйлсийн нэг болсон байна. Ээж маань надад ийм өв үлдээжээ.

Аавын өв
Аав маань хэдийгээр миний төрсөн эцэг биш ч гэлээ би түүнээс өөрийн мэдэлгүй олон зүйлийг сурчээ. Хар багаас минь гэр шүүрдүүлэхдээ дор хаяж 3 удаа шүүрдүүлдэг байсан түүний хатуу байдлаас болоод, одоо би шал угаахдаа 3 удаа савантай усаар угааж байж сая нэг шал угаасан юм шиг санагддаг болсон явдал юм.Энэ бол ааваас маань надад үлдээсэн өв юм.

Энэ мэтчилэн жижиг зүйлээс ч хүртэл бид өв үлдээж байдаг. Та сайн өв үлдээхийг хичээгээрэй.
Христ итгэгч бидний хувьд бидний Бурханд итгэх итгэл, Түүнд дуулгавартай байх байдал, Эзэнд үйлчлэх хайр бол бидний үр хүүхэддээ үлдээх хамгийн том өв юм.