Friday, August 31, 2012

Би гурван аавтай

Би ааваар баян хүн. Надад гурван аав бий. Төрсөн эцэг, хойд эцэг, Бурхан аав. Гурвуулаа амьд байгаа. Гэтэл зарим хүмүүст нэг ч аав байдаггүй. Харин би гурван аавтай.
Төрсөн эцэгтэйгээ би нэг ч удаа уулзаж байгаагүй. Намайг өлгийтэй байхад л салсан гэсэн. Төрсөн эцэг маань ээжээс өөр эмэгтэйтэй уулзаад байхаар нь, ээж "Яадаг юм, нэг удаа салаад үзэж орхьё" гээд салчихсан гэдэг юм. Ээжээс салаад өөр эмэгтэйтэй суугаад 2 хүүхэдтэй болоод, дахиад салсан, бас компани байгуулаад , тэр нь дампуурсан гэж ээж нэг удаа ярьж байсан. Би төрсөн эцгийнхээ талаар ээжээс нэг ч удаа асууж байгаагүй. Яагаад гэдгийг мэдэхгүй. Танихгүй хүн болохоор сонирхоогүй байх. Нэг ч удаа надтай уулзаж байгаагүй. Намайг анхаарч халамжлаагүй, миний төлөө зориулалт гаргаагүй, миний танихгүй, мэдэхгүй хүн.



Хойд эцэг минь намайг ухаан орхоос л миний аав гэж явж ирсэн болохоор би түүнийг өөрийн төрсөн эцэг гэж бодож өссөн юм. Намайг тэгтлээ хайрладаггүйг  би мэдэрдэг байсан болохоор аавдаа гомдож орой болгон орон дотроо "миний аав намайг хайрладаггүй" гээд уйлдаг байж билээ. Харин 5 билүү 6 дугаар ангид байхад ээж надад "Энэ хүн чиний төрсөн аав биш, хойд эцэг чинь, чи одоо том болсон, тийм болохоор үүнийг мэдэх цаг болсон" гэж хэлсэн юм даа. Тэр мөчөөс эхлээд би хойд эцэгтээ гомдож уйлахаа болиод, харин түүнийг үзэн яддаг болсон.
Он цаг улиран, би Эзэнийг таниж мэдэн, Эзэн Есүст итгэн, Бурханыг өөрийн ааваа болгон хүлээн авлаа. Тэр үед хамгийн анх Бурханаас гуйж байсан залбирал юу гээч?
"Бурхан минь, аав маань надад хайргүй, тийм болохоор би Танаас ганцхан зүйлийг гуйж байна. Намайг хайрлаач". Миний чин сэтгэлээсээ гуйн залбирсан анхны залбирал. Энэ залбиралыг би цуглааны кемпээр явж байхдаа хийсэн юм. Ингэж залбирсан тэр шөнө би нэгэн гайхалтай зүүд зүүдэлсэн. Тэр тэгэхдээ зүүд гэхээсээ илүү бодитой зүйл байсан. Тэр зүүдэнд миний зүрхэнд ямар нэгэн гоё зүйл цутган орж байгааг би мэдэрч байлаа. Тэр гоё зүйл зүрхэнд минь орсоор байгаад сүүлдээ зүрх минь тэр зүйлээр дүүрээд, тэгсэн хэрнээ л цааш нь үргэлжлүүлэн цутгасаар байсанд миний зүрх багтааж чадахгүй хагарах гэж байгаа юм шиг аймаар өвдөөд би сэрчихсэн. Сэрээд хартал би зүрхэн дээрээ хоёр гараа тавьчихсан, цээжээ байдгаараа урагш нь гэдийлгэчихсэн байсан. Тэр мөчид би залбиралынхаа хариуг авлаа гэж их баярлаж билээ.
Хэдийгээр энэ гурван ааваас хоёр нь намайг хайрлаагүй ч гэсэн Нэг нь намайг хайрласан. Хайрлах хайрлахдаа миний зүрх багтааж чадахааргүй, тийм их хайраар хайрласан юм.

No comments:

Post a Comment